Шууд Chart

Т.Дарьяа: Том болоод маш том эмнэлэг бариад өвдсөн хүүхдүүдийг эмчлэхийг хүсдэг

2020-05-31 15:26:05

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Иймд бид “Редакцын зочин” буландаа авьяаслаг бяцхан зураач Т.Дарьяа охиныг урьж ярилцлаа. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сарын 14-нд анхны зургийн үзэсгэлэнгээ гаргасан бол яг нэг жилийн дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд “Мөрөөдөл минь том болж байна” хоёр дахь үзэсгэлэнгээ гаргасан. Түүнчлэн үзэсгэлэнд ирсэн зочдод өөрийн зурсан зургаа зарсан мөнгөөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр болон хэрэгцээт зүйлийг нь авч өгсөн юм.

-Юун түрүүнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын мэнд хүргэе. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Би ч гэсэн нийт хүүхдүүд, найз нартаа Хүүхдийн баярын мэнд хүргэе. Намайг Т.Дарьяа гэдэг. Би одоо тавдугаар ангид сурдаг.

-Сурагчид хөл хориотой холбоотойгоор теле хичээл үзэж судалж байгаа. Теле хичээлээ хийхэд нь хэн тусалдаг вэ. Гэрээсээ сурахын гоё болон муухай тал нь юу вэ?

-Карантинд удаан байхаар муухай байна. Гэрээсээ теле хичээл үзэхээр эхэндээ гоё санагддаг байсан ч одоо найзуудыгаа, багшийгаа санаад тиймхэн байна. Хурдхан л  хичээлдээ явмаар байна. Намайг хичээлээ хийхэд ээж тусалдаг.

-Авьяаслаг зураач юм билээ. Хэдэн настайгаасаа зураг зурж эхэлсэн бэ. Хэр олон уралдаан тэмцээнд амжилттай оролцов?

-Би жаахан байхаасаа л гар зургийн уралдаанууд, хүүхдийн баяраар болдог бүх уралдаан, үзэсгэлэн өөрийн зурсан зургаараа оролцдог байсан. Гуравдугаар ангиасаа "Гүнж кидс арт" зургийн дугуйланд явж эхэлсэн. Дугуйлангийнхаа багш нар, найзуудыгаа маш их санаж байна. Ээж минь намайг маш сайн дэмждэг. Жилийн өмнө ОХУ-д зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэнд маш олон орны хүүхдүүдийн бүтээлээс манай Монгол Улс шалгарч, миний зурсан зургийг оролцуулсан.

-Хөл хорионы үеэр гэртээ байх хугацаандаа чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна?

-Теле хичээлээ хийж, давтаж байгаа. Бас ээжтэйгээ өглөө болгон гүйж дасгал хийдэг. Гэртээ зургаа зурж, бас зохион бүтээгчийн сонирхолтой туршилт хийж байгаа(инээв).

-Ээжийнхээ “Охин минь том болж байна” дууны клипэнд тоглосон байсан. Ээжийнхээ уран бүтээлүүдээс аль дуунд нь илүү дуртай вэ. Дуучин ээжтэй байх гоё уу?

-Ээжийнхээ бүх дуунд дуртай. Би төрсөн өдрөөрөө анхны зургийн үзэсгэлэнгээ гаргасан чинь ээж гэнэтийн бэлэг барьж надад зориулан "Охин том болж байна" дууг зохиолгож, дуулж өгсөн. Би баярлаад зөндөө их уйлсан. Энэ жил би хоёр дахь үзэсгэлэнгээ гаргасан чинь ээж минь надад зориулж дахиад "Мөрөөдөл минь том болж байна" бас "Тэр зурах дуртай" гэдэг хоёр дуу хийж өгсөн ш дээ. Манай ангийн хүүхдүүд, дугуйлан, байрны найзууд “Танай ээж зурагтаар гарч байсан”, “Танай ээж хөөрхөн тээ” гээд байдаг. Бас ээжтэй хамт явахаар (инээв).

-Зураг зурахаас өөр ямар авьяастай вэ. Дуучин ээжийн охин учир мэдээж гоё дуулдаг байх?

-Би дуулж чаддаггүй ээ(инээв). Харин баримлын шавар, өнгийн цаас болон бусад материалаар гоё гоё бүтээл урлах, хийх дуртай. Сонирхолтой зүйлс хийх, бодитоор туршиж үзэх дуртай. Ээждээ, найзууддаа өөрийнхөө гараар зөндөө гоё юм хийж өгдөг. Би зохион бүтээгч болно гэж боддог оо.

-Өнгөрсөн жилүүдэд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ. Энэ жил яаж тэмдэглэх талаар ээжтэйгээ ярилцсан уу?

-Хүүхдийн баяр болгоноор ээж тоглолт, нэвтрүүлэгтэй байдаг. Би бас хамт явдаг л даа. Бас энд тэнд зохиогддог гоё уралдаануудад орж, тоглолтууд үздэг. Бас ээж маань шинэ жил, ер нь баяр болгоноор өвдсөн хүүхдүүдийн баярыг зохион байгуулдаг, тэдэнд тусалдаг. Би ч гэсэн тийм арга хэмжээнд нь хамт оролцдог. Энэ жил коронавирус гээд гэртээ л байна байх даа. Нээрээ ээж хамт ууланд алхана гэсэн.

-Баяр болон тэмдэглэлт өдрүүдээр авч байсан хамгийн гоё бэлэг нь юу вэ?

-Ээж, аав маань дандаа миний дуртай цүнх, зургийн хэрэгсэл эсвэл хувцас авч өгдөг. Харин хамгийн гоё бэлэг гэвэл надад зориулсан дуунууд ёстой гоё. Би ээжийгээ дуулахаар нь уйлчихдаг аа(инээв).

-Ирээдүйд зохион бүтээгчээс гадна ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг вэ?

-Би маш мундаг зохион бүтээгч бас эмч болохыг хүсдэг.

-Том болоод биелүүлэхийг хүсдэг хамгийн том мөрөөдөл нь юу вэ?

-Том болоод маш том эмнэлэг бариад ээжийнхээ тусалдаг хүүхдүүдийг эмчлэхийг хүсдэг. Бас ээж, аавтайгаа аялалд явахыг мөрөөддөг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Т.Дарьяа: Том болоод маш том эмнэлэг бариад өвдсөн хүүхдүүдийг эмчлэхийг хүсдэг  
Үзсэн: 3470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй