Шууд Chart

“Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2014-04-08 15:39:07

Өнөөдөр Монголын үндэсний музейн түүхийн музейд “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн, ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Трийдеманн, Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин нар болон бусад холбогдох албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтийн төлөөлөл оролцлоо. 

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ц.Төрбат ахлагчтай судлаачид Монгол Алтай судлалын хүрээлэнтэй хамтран 2008-2010 онд “Монгол Алтайн баруун хэсгийн түүх, археологийн дурсгалууд II, Ховд” төслөөр олон тооны дурсгал илрүүлжээ. Судлаачид хадны зургаан оршуулгын олдвор хэрэглэгдэхүүнийг судлаж, ХБНГУ-ын Райнландын Орон нутгийн холбооны харьяа Бонн дахь Ландес Музей болон Көльний Мэргэжлийн дээд сургуулийн Сэргээн засварлалт, бэхжүүлэлтийн ухааны, Офенбах дахь Германы ширний музей зэрэг газруудад гурван жилийн хугацаанд сэргээн засварлаж бэхжүүлсний дараа эх нутагтаа авчирч нийтийн хүртээл болгож байгаа нь энэ юм байна.
 
Түүнчлэн МУИС-ийн багш, доктор У.Эрдэнэбат ахлагчтай судлаачдын 1997 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн нутаг Дугуй цахирын хадны оршуулгын олдворуудын эрэгтэй хүүхдийн торгон дээл, түүний хуулбар үзвэрүүд үзэсгэлэнд тавигджээ.
 
Үзэсгэлэнд Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны арал, Хятан гүрний үеийн эсгийн хэвнэг, малгай, торгон дээл, загасны хайрсаар хийсэн хавтага зэрэг анх удаа монгол нутгаас илэрч олдсон олдворууд болон 14 дүгээр зууны үеийн дайчдын бүсний тоног, модон аяга зэрэг 170 шахам үзмэрийг дэлгэн үзүүлж байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн нээлтээ хийлээ   
Үзсэн: 1550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй