Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Энэ удаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар ярилцсан юм. Уулзалтын эхэнд Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ийм богино хугацаанд өндөр амжилттайгаар явуулна гэж би хувьдаа итгээгүй. Энэ бол санаанд багтамгүй өндөр амжилт. Өндөр хурдацтайгаар явж байгаа төсөл. Та бүхэн мэдэж байгаа. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр НИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан хороо ажиллаж байна. Энэ хороонд талархлаа илэрхийлмээр байна. Энэ бол аварга амжилт. Дэлхийд байхгүй рекорд тогтоож магадгүй” гэлээ. Ингэж хэлэх болсон учир нь тэрбээр Японд очиж долоон га газрын дахин төлөвлөлттэй танилцжээ. Гэвч тус улсад энэ ажил нь 16 жилийн турш үргэлжилсэн аж. 12 жил нь газрын эзэдтэй уулзаж тохирч дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулжээ. Гэтэл манайд маш хурдан хугацаанд 4000 айлтай ярилцаж тохирсон байна. Мөн энэ жил гэхэд 11000 айлын орон сууц ашиглалтад орох гэж байгаа аж.
Гэсэн ч зарим газар дахин төлөвлөлтийн ажил бүтэлгүйтжээ. Тухайлбал, Гандангийн иргэдтэй дахин төлөвлөлтийн талаар уулзаж ярилцсан ч иргэд нь дөрвөн бүлэгт хуваагдчихсан хоорондоо зохицоогүй байна. Уг нь Ганданг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамгийн түрүүнд хамруулахаар зорьж байсан аж. Мөн Зуун айлын Гэзэгийн худагт байрлах иргэдтэй ярилцахад иргэд нь мөн адил 2-3 хуваагдчихсан байсан аж. Энэ мэтчилэн газрууд дахин төлөвлөлтөд орж чадахгүй орхигдоход хүрээд байна. Гол шалтгаан нь иргэд амандаа багтахгүй тоо хэлж байгаа нь дахин төлөвлөлт хийх гэж байгаа байгууллагад ихээхэн хүндрэл учруулаад зогсохгүй төсөл зогсоход хүргэдэг байна. Мөн энэ тал дээр хууль эрх зүйн орчин нь муу байдаг аж. Жишээ нь, 100 айлын 95 айл нь зөвшөөрөөд тав нь зөвшөөрөхгүй байхад тэднийг албадан чөлөөлдөг. Гэтэл манайд ийм хууль эрх зүйн орчин байдаггүй гэнэ.
Засаг дарга мөн ярианыхаа үеэр энэ төслийг анхнаас нь улстөржүүлсэн. Гэр хорооллыг дахин төлөвлөнө гэсэн санааг анх гаргаж эхлэхээс авахуулаад инженерийн мэдлэгэгүй, худлаа, бүтэлгүй зүйл ярьж байна гэх мэтчилэн элдвээр дайрсан. Харин бид энэ ажилд ямар ч нам хамаагүй. Хүмүүсийн сайхан амьдрал, хот сайхан хөгжих тухай л яриа байгаа. Иймд улстөржүүлэх хэрэггүй гэж гуйсан. Одоо ч мөн улстөржүүлсээр байна. Ямар ч тохиолдолд шийдвэрийг эсэргүүцдэг цөөнх байдаг. Тийм хүмүүсээр дайрч давшлуулаад л байх юм. Ерөнхий сайд хүртэл Засгийн газрын хуралдаан дээр та нар гэр хорооллын дахин төлөвлөлт гээд бүтэлгүй зүйл хийгээд гээд загнасан. Буруу мэдээлэл тэр хүнд оччихсон болохоор тэр гэсэн юм.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.