Шууд Chart

П.Нямлхагва: МҮОНР-ийн 80 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

2014-04-09 17:43:09

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 80 жил тохиож байгаатай холбогдуулан “Хөх тэнгэрийн аялгуу” хүндэтгэлийн тоглолт болох гэж байна. Энэ талаар МҮОНР-ын Нийгмийн нэвтрүүлгийн албаны ерөнхий редактор, яруу найрагч П.Нямлхагватай ярилцлаа.

-“Хөх тэнгэрийн аялгуу” тоглолтынхоо талаар манай уншигчдад танилцуулаач?  
-МҮОНР-ийн түүхт 80 жилийн ойд зориулсан “Хөх тэнгэрийн аялгуу” тоглолт ирэх тавдугаар сарын 1-нд UB Паласийн концертийн их танхимд болох юм. Тоглолтод МҮОНР-ийн үе үеийн яруу найрагч, зохиолчдын шилдэг нэг, нэг дуу дуулагдана. Ч.Лодойдамба гуайгаас эхлүүлээд МУАУЗ, СГЗ Б.Лхагвасүрэн, СГЗ Ц.Чимэддорж, Л.Мөнхтөр, Төрийн шагналт зохиолч З.Дорж, СГЗ Дан. Нямаа, Ж.Саруулбуян гэх мэт үе үеийн авьяас билэгт уран бүтээлч, яруу найрагчид ажиллаж байсан түүхтэй. Зохиолчдын бага хороо гэж нэрлэгддэг манай радиод одоо ч олон зохиолч ажиллаж байна. Тэдний маань шилдэг уран бүтээл дуулагдана.
 
-Тавдугаар сарын 1-нийг сонгосон нь бас учиртай байх?
-Монголын үндэсний олон нийтийн радио агаарын цэнхэр долгиноор сонсогч түмэнтэйгээ золгосон, анхны дуу хоолойгоо хүргэсэн өдөр нь тавдугаар сарын 1 юм. Ингээд өргөн нэвтрүүлэг олонд хүрсэн өдөр нь бол 1934 оны есдүгээр сарын 1. Тэгэхээр ирэх есдүгээр сарын 1 хүртэл 80 жилийн ойг угтсан олон талт ажлууд хийгдэнэ. Үүний нэг нь “Хөх тэнгэрийн аялгуу” хүндэтгэлийн тоглолт. Мөн ойн хүрээнд радиогийн тухай түүхэн баримтат кино хийх, ном бүтээх гээд ажил их байна. Манай радиогийн нэвтрүүлгүүд Орос , Япон, Хятадад хүрч байдаг учраас олон ажил төлөвлөж байна л даа. Радио хөх тэнгэрээр дамжиж, агаарын цэнхэр долгионоор ард түмэндээ мэдээ мэдээлэл, урлаг соёлыг дамжуулж гэгээрүүлэхээс гадна Монголын ард түмний нэгэн үеийн дурдатгал, дурсамжийг сэргээдэг гэж би боддог. Тухайлбал, “Ургацын далай” гээд жил бүр эгшиглэж байдаг сайхан дуу байна. Энэ дуу бол намар бүр радиогоор эгшиглэж 50 жилийн нүүрийг үзээд байгаа сайхан уран бүтээл. Хөдөлмөрийн баатар тариаланчид, Улсын аварга механикжуулагчид гээд өнөөдөр нас өндөр болсон хүмүүсийн нэгэн насны дурсамж дурдатгал зөвхөн Базарын Цэдэндамба гэдэг хүний хоолойгоор сэргэж байх жишээний. Хүмүүсийн тэр дурсамж, дурдатгалыг сэргээсэн нэвтрүүлгийн дуунууд ч мөн энэ тоглолтод дуулагдах юм. 1970-1980 он бол ид тариалантын үе. Мөн сайхан хөдөө аж ахуйн сэргэн мандалтын үе гэдэг. Энэ үед аварга саальчин байсан, аварга малчин байсан хүмүүс 35 жил эгшиглэж байгаа “Таван эрдэнэ” дуугаа сонсох дуртай байдаг. Эдгээр хүн бүхий л сайхан амжилтынхаа дурсамжийг сэтгэлдээ мөнхлөн үлдээхэд манай радиогийн үүрэг их байсан гэж ярьцгаадаг. Тиймээс радиогийн алтан фондод байгаа сайхан бүтээлийн дээжис шүр, сувд шиг зүйлсийг ард түмэндээ дэлгэж үзүүлье гэж зориод байна. Түүнээс биш ашиг олоод ч юм уу, билет борлуулахын тулд энэ тоглолтыг зохион байгуулах гэж байгаа юм биш шүү. Радио гэдэг том айл 80 жилийн түүхийн хугацаанд юу хурааж авснаа сонсогчдодоо дэлгэн тайлагнах нь байна гэж ойлгож болно.
 
-Ард түмний сэтгэлд хоногшсон дуунууд дуулагдах нь байна. Та заримаас нь нэрлэж болох уу?
-1960-1970 оны уянгын дуунууд гэгддэг мөн тэр үеийн алдартай дуучид, уран бүтээлчид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчид МҮОНР-оор дамжиж ард түмэндээ танигдсан байдаг. П.Адарсүрэн, Д.Түмэндэмбэрэл, В.Оросоо гэхээр хүмүүс танидаггүй мөртлөө дуу хоолойг нь анддаггүй. Сүүлийн үед дэлхий нийтийн чиг хандлага радио руу хандах болсон байна. Хөдөөгийн аглаг ууланд зураг, сонин тэр бүр очоод байхгүй. Мэдээллийн энэ орон зайг радио л нөхөж байна шүү дээ. Радиогоор хүний амийг аварсан түүх энэ 21 дүгээр зуунд гарч ирж байна. Тиймээс бид радио гэх энэ гайхамшигтай мэдээллийн хэрэгслийг цаашид улам дэлгэрүүлэх хэрэгтэй. Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг цацагдсаны түүхт 80 жилийн ой юм шүү дээ. Өглөө бүр Монголын ард түмнийг сэрээдэг “Гэгээн өглөө сайн байна уу” гээд нэг сайхан дуу бий. Тэр дуу дуулагдана. Мөн Ц.Чимэддоржийн “Малчин заяа”, Төрийн шагналт Ц.Бавуудоржийн “Бөхөн шарын нуруу”, СГЗ Дан.Нямаагийн “Амьдралаа би чамд хайртай”, Л.Мөнхтөрийн “Зөөлөн зөөлөн замбуулин” гээд монголчуудын сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээлүүд дуулагдана. Монголын ард түмэн эдгээр уран бүтээлийг зөвхөн радиогоороо сонсдог байсан бол энэ удаад тэдгээр дууг дуулсан дуучид нь, зохиосон зохиолчид нь ард түмэндээ хүргэх юм.
 
-Тоглолтын билетийн үнэ хэд вэ?
-15 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Тийм ч өндөр үнэ биш юм аа.  
 
-Түүхт 80 жилийнхээ ойг угтаж өөр ямар ажил төлөвлөөд байна вэ?
-Манай редакцийн хувьд ойг угтаж “Бэлчээр нутаг хаана байна” нэвтрүүлэг бэлтгэж байна. Бэлчээрийн даац хомдсон, уул уурхайн олборлолт бэлчээрт нөлөөлсөнтэй холбогдуулан цуврал нэвтрүүлэг бэлтгэж байна. Ирэх өвлийн турш радиогоор нэвтрүүлэгдэнэ. Энэ жил ургацын далай нэвтрүүлгийн 50 жилийн ой болж байна. Бид намар Сэлэнгэ аймагт уран бүтээлч уншигчдын уулзалт хийхээр төлөвлөсөн. Мөн радиогийн хувьд өргөн нэвтрүүлэгт залуус хөтөлбөр гээд залуусдаа хандсан нэвтрүүлэг бэлтгэж эхэлж байна. “Дуун увидас” гээд нэг дууг олон дуучин өөр өөр донж маягтайгаар дуулсан тухай нэвтрүүлэг хийж байна.
 
-Сонирхолтой санагдаж байна. Дуучид энэ саналыг хэр тааламжтай хүлээн авч байна вэ ?
-Дуучид маш их дуртай оролцож байгаа. Завханы хэмээн алдаршсан дуучин С.Батсүхийн маань дуунууд анх Монголын радиогоор л ард түмэндээ хүрч байсан байна. Тэр битгий хэл дуучин С.Жавхлан уран бүтээлийн гараагаа манай “Цагаан лавай” студид дуугаа бичүүлж эхлүүлж байлаа шүү дээ. Тийм болохоор манай уран бүтээлчид энэ арга хэмжээнд маш хүндэтгэлтэй хандаж байна.
 
-Монголын радиогийн яруу найрагчид тоглолтод шүлгээ унших уу?  
-Үгүй ээ. Ард түмний сэтгэлд хоногшсон сайхан дуунууд л дуулагдана. Шүлэг уншина гэх юм бол “Болор цом” шиг л юм болно шүү дээ. Одоо радиод л гэхэд 20 гаруй яруу найрагч байна ш дээ.
 
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Одоо цагт цахим ертөнцийн гайхамшгаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй авдаг болсон байна. Бидний ярилцлагыг уншин суугаа уншигчдад Монголын радиогийн алтан фондод хадгалагддаг сайхан уран бүтээлүүдийг ирж сонсоорой гэж урья. Утга уянгын сайхан тоглолт болно.  
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

П.Нямлхагва: МҮОНР-ийн 80 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно   
Үзсэн: 1713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй