Шууд Chart

С.ЭНХТУНГАЛАГ: Мартагдах шахсан үндэсний спортыг хүүхэд, залуучууд олноор сонирхох болсон

2013-07-12 09:31:47

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна.

Үндэсний баяр наадмын нэг төрөл болох сур харваа Урианхай харваагаар эхэлж, Буриад харваа, Хүүхдийн харваагаар уржигдар үргэлжлэн өчигдөр дууссан билээ. Харин үндсэн халх харвааны төрөл уржигдар, өчигдөр явагдаж, өнөөдөр дүнгээ гарган өндөрлөх ажээ. Нийт 40 сум тавихаас, өнөөдөр 12 сум тависнаар халх харваачдын наадам дуусах юм.
 
Улс, аймгийн 360 гаруй харваачид өөр хоорондоо өрсөлдөж байгаа энэ цаг мөчит Буриад харвааны эмэгтэйчүүдийн төрөлд завсаргүй гурван жил дараалан түрүүлсэн Алдар нийгэмлэг, Жем интернэшнл компанийн тамирчин, Улсын мэргэн, Буриад сурын Гоц Мэргэн, Спортын мастер Санжаадоржийн Энхтунгалагтай цөөн хором хөөрөлдсөн юм.
 
-Сайн байна уу, Та сайхан наадаж байна уу. Юуны өмнө Буриад сурын төрөлд гурав дахь жилдээ завсаргүй түрүүлсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргье. Та манай уншигчдтай амжилтаа хуваалцаач...?
 
-Баярлалаа, сайхан наадаж байна. Сүүлийн жилүүдэд миний хувьд амжилтаар дүүрэн он цагууд хөвөрч байгаад баяртай байгаа. Тиймээс, Буриад сурын төрөлд гурван жил завсаргүй түрүүлсэн маань маш их бэлтгэл сургуулилт болоод хичээл зүтгэлийн маань үр шим гэж би ойлгож байна.
 
Түүнчлэн энэ жилийн наадамд шинэ залуу харваачид ихээр хүч түрэн орж ирэн цус сэлбэж байгаа нь өөрөө их өнгөлөг хийгээд наадмыг илүү сонирхолтой өрсөлдөөнтэй болгож байгаад баяртай байна. Учир нь Монгол түмний үндэсний сур харваа гэх уламжлалт энэхүү спорт маань нэгэн үе мартагдах шахаж байсан юм. Гэтэл өнөөдөр бараг хэний ч тоохгүй байсан үндэсний уламжлалт спортоор сонирхон хичээллэх хүүхэд, залуучууд олноор бий болжээ. Цаашид ч эдгээр олон хүүхэд, залуучууд маань үндэсний уламжлалт сур харвааг авч явж хөгжүүлэн шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна.
 
Бүх аймаг, сумдаас ирсэн энэ олон шинэ үеийн тамирчин хүүхэд, залуучуудыг хараад ахмадууд бид  урам зоригоор дүүрэн сайхан наадаж байна даа.
 
Улсын мэргэн, Буриад сурын гоц мэргэн, спортын мастер С.Энхтунгалаг
 
-Танайхыг гэр бүлээрээ харвадаг гэж сонссон. Тэр ч бүү хэл гэр бүл дотроо гурван ч спортын мастер цолтонтой. Гэр бүлийнхээ талаар та юу хэлэх вэ?
 
-Тийм ээ, манай гэр бүл том охиноос маань бусад нь бүгд харвадаг. Гэр бүлийн хүн маань, дунд хүү бид гурав спортын мастер л даа.
 
Гэр бүлээрээ харвахын ач холбогдол, тус гэж бас бий. Өөрөөр хэлбэл нэг нэгнийхээ алдаа оноог хөндлөнгөөс харж, хэлж, зааж, засч, зөвлөж өгдөг сайн талтай. Мөн аливаа тэмцээн, уралдаан, наадмын шийдвэрлэх мөчийн өмнө анхаарал төвлөрүүлэх, сэтгэл санааг нь тайван байлгах талаар бие бие дээ санаа тавьж, орчинг бүрдүүлдэг. Тэр тусмаа нөхөр маань энэ спортыг маш сайн ойлгон, биднийг дэмжиж, өөрөө ч бахдам амжилт гаргаж байгаад баяртай байдаг даа. Нөхрийг маань Базарын Батбаатар гэдэг. Сая Буриад сурын төрөлд II байр эзэлсэн. Харин хоёр бага хүү болох Б.Төгсжаргал, Б.Төгс-Эрдэм хоёр маань энэ жил гурав дөрвөн хоногийн өмнө БНХАУ дахь тус тусынхаа их, дээд сургуулийг төгсөж ирсэн,өсөх ирээдүйтэй харваач тамирчид байдаг. Дунд хүү Б.Төгсжаргал маань мөн спортын мастер цолын болзолыг уржинан жилийн наадмаар хангасан.
 
Энэ их өрсөлдөөн ихтэй наадмын дундуур цаг зав гарган хөөрөлдсөн танд маш их баярлалаа. Цэц мэргэн байх болтугай. Сайхан наадаарай.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

С.ЭНХТУНГАЛАГ: Мартагдах шахсан үндэсний спортыг хүүхэд, залуучууд олноор сонирхох болсон   
Үзсэн: 2964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй