Шууд Chart

Тариаланчдад зөвлөмж хүргүүллээ

2014-04-10 15:37:49

Энэ хавар тариалахаар нөөцөлсөн улаан буудай, үр тариа, төмс, хүнсний ногооны үрээ цэвэрлэж сортлон, ариутгал хийлгэхийн зэрэгцээ шинжилгээ, баталгаажуулалтад хамруулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөж байна. Тус газрын даргын батласан удирдамжийн дагуу Ажлын хэсэг үр тариа, төмс, хүнсний ногооны үр, хүнсний буудайн хадгалалт, хамгаалалт, нөөцлөлт, чанар ямар байгааг шалгаж, дүнг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.  

Шалгалтад Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Булган аймаг дахь тав, улсын нөөцийн Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Увс аймаг дахь долоон салбар, газар тариалан эрхэлдэг 340 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хамрагдсан байна. Эхний шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй үрийг дахин цэвэрлүүлж, сортлуулах, зөрчил дутагдлыг арилгах үүрэг, албан шаардлага, дүгнэлтийг Төв, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Увс, Булган, Дорнод, Дархан-Уул аймгийн үр нөөцөлсөн 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад өгсөн байна. Мөн Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Увс аймгийн газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үрийн буудайд нутагшсан сортын үр байхгүй, хольцтой байсан аж.

Хадгалсан үр тарианы 58 хувийг шинжилгээнд хамруулахад 40 хувь нь стандартад тэнцэж, 60 хувь нь цэвэршилт болон нэг кг дахь хог ургамал, соёололтын үзүүлэлтээр шаардлага хангаагүй урьдчилсан дүн гарсан байна. Харин төмсний болон хүнсний ногооны үр 81-88 хувь нь стандартад тэнцжээ.
 
Энэ жил манай улс 304 мянган га-д улаанбуудай, 11 мянган га-д арвай, хошуу будаа, хөх тариа, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 10.3 мянган га-д малын тэжээл, 24.1 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөөд байгаа юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Тариаланчдад зөвлөмж хүргүүллээ  
Үзсэн: 1213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй