Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-04-12 08:52:13

Улс төрийн үйл явдал арвинтай долоо хоног өнгөрлөө. Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн юм. Нээлтийн үеэр гишүүдийн ирц 71.4 хувьтай байв. Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Мөн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Улсын Их Хуралд суудалгүй улс төрийн намуудын төлөөлөл, Монгол Улс дахь гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн нар, албаны бусад хүн оролцлоо.

Хаврын чуулганд хууль санаачлагчид, Байнгын хороод, УИХ дахь намуудын бүлэг, эвслээс 252 хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр санал гаргасан ч дөнгөж 52 хууль тогтоомжийн төсөл өргөн баригджээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг батлав.

Тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн аж. Байнгын хороо хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Байнгын хороодоос 41, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдээс 99, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас 10, Засгийн газраас 95, нийт 250 төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлжээ. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг тусгах зарчмыг баримтлан 25 төслийг тогтоолын төсөлд тусгажээ. Чуулганаар батлагдсан хэлэлцэх асуудлын жагсаалтыг ЭНДЭЭС бүрэн эхээр нь харах боломжтой.  

Хаврын чуулган нээлтээ хийсэн өдөр Иргэний нийгмийн байгууллагууд Төрийн ордны гадна жагслаа. Жагсаалд иргэний нийгмийн 109 байгууллагын төлөөлөл, шүүхээс ял сонсч хоригдоод байгаа "Гал үндэстэн холбоо"-ны гишүүдийн ар гэрийнхэн гээд 300 орчим хүн оролцсон юм. Жагсагчид Монголдоо сайхан амьдрахын тулд УИХ, Засгийн газрын гишүүдийн давхар дээлээ тайлахыг, "Гал үндэстэн холбоо"-ны  Ц.Мөнхбаяр нарыг цагаатгахыг, мөн уран олборлолтыг эсэргүүцэж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн энэ хаврын чуулганаар Цагаатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бодит тэтгэмж олгохыг шаардав.

1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан нам улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ анхлан гаргаж байсан түүхтэй. Уг өдрийг Ардчилсан нам анх байгуулагдсан өдөр хэмээн нэрийдэж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн тэмдэглэлт өдрийн хүрээнд Ардчилсан намын зүгээс орон даяар баярын хурал зохион байгуулж, гишүүд дэмжигчдийнхээ дунд урлаг, спортын тэмцээн уралдаан явуулсан байна. Тус тэмдэглэлт өдрийн хүрээнд Ардчилсан намд шинээр элсэгчид намын батлахаа гардан авцгаалаа. 

Цагдаагийн алба хаагчид шинэ дүрэмт хувцастай болсон нь өнгөрсөн долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг байв. Олон шүүмжлэл дагуулсан эл хувцасны тухай яриа өнөө ч намдаагүй байна. 
Өнгөрсөн лхагва гарагт хотын дарга Э.Бат-Үүл сэтгүүлчдийг урьж, зангиагүй уулзалт хийлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар өрнөсөн тус уулзалтын үеэр Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ийм богино хугацаанд өндөр амжилттайгаар явуулна гэж би хувьдаа итгээгүй. Энэ бол санаанд багтамгүй өндөр амжилт. Өндөр хурдацтайгаар явж байгаа төсөл. Та бүхэн мэдэж байгаа. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр НИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан хороо ажиллаж байна. Энэ хороонд талархлаа илэрхийлмээр байна. Энэ бол аварга амжилт. Дэлхийд байхгүй рекорд тогтоож магадгүй” гэсэн юм. Мөн энэ төслийг хэт улстөржүүлсэн нь Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдад загнуулах шалтгаан болсон гэлээ.

Пүрэв гарагт МАН-ын бүлгийн гишүүд дэмжигчид Чингисийн талбай болон Төрийн ордныг тойрч шүгэлтэй жагсаал хийлээ. МАН-ын зүгээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу “Давхар дээл”-ийн хуультай холбогдуулан уг эсэргүүцлийн жагсаалыг хийсэн юм. Энэ өдөр “давхар дээлний” асуудлыг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгийн саналаар тав хоног засварласан билээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэлийг өнгөрөгч долоо хоногт хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Улс, АНУ хоорондын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны нэгдсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллана гэж Ерөнхий сайд хэллээ.

Улс төр идэвхжсэн өнгөрсөн долоо хоногт махны үнэ харьцангуй тогтвортой байлаа. Дөрөвдүгээр сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай мах кг нь дунджаар 7530 төгрөг, үхрийн ястай мах кг нь дунджаар 8220 төгрөгийн үнэтэй байв. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.9 хувиар буюу 335 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Өнгөрсөн долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 105 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалагдлаа.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй