![](/uploads/201404/news/thumb/c55dcfe0d0e0d7de05764a22262839c9_x3.jpg)
МҮОНРТ-ийн төлөөлөгчид АНУ-ын Washington DC хотноо Монгол Улсын нэгэн гэр бүлийн үүсгэн байгуулсан балетийн сургуульд “Даллас” олон улсын нисэх онгоцны буудлаас шууд зочлон, хөрөг нэвтрүүлгийн зураг авалт хийлээ.
Мөн Олон нийтийн радио, MNB.mn сайт-ын сэтгүүлчид нэвтрүүлэг, ярилцлага бэлтгэн, “Sterling Ballet academy”-ийг үүсгэн байгуулагч, балетийн багш Д.Өлзийсайхан, Т.Туяа нарын амьдрал уран бүтээл, бизнесийнх нь талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэв.
Балетийн мастер Д.Өлзийсайхан, балетчин Т.Туяа нар УДБЭТ-ын балет мастер, гоцлол бүжигчнээс ажлын гараагаа эхлэж, “Гэгээн хаврын ёслол”, “Хунт нуур” зэрэг томоохон бүтээлүүд дээр ажиллан, 1997 оны урлагийн тэргүүн шагнал “Гоо марал” хүртэж байсан авьяаслаг уран бүтээлчид нар юм.
Балетийн урлаг хэмээгч нөр их хөдөлмөр, шавхагдашгүй уран авъяас шаарддаг их далайд хүүхэд ахуй наснаасаа хөл төвьж, эхнэрийн хамт хойд хөршид боловсрол эзмшсэн гэр бүл АНУ-д ирсээр 18 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд балетийн урлагаасаа нэг ч хором хөндийрөлгүй, суралцаж, бусдад мөн сурсан мэдснээ хуваалцаж явна. Анхлан өөрсдийн эзэмшил бүхий балетийн сургууль нээхээсээ өмнө энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад багшлах, театруудад бүжиглэх маягаар өөрсдийгөө хагжүүлсээр ирсэн аж.
Тэрээр 2010 онд “Sterling Ballet academy”-ийг АНУ-ын Washington DC хотноо байгуулж, одоогоор 300 орчим хүүхэдтэйгээр өдөр тутмын үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа аж. Тус сургуульд таван Монгол сурагч балетийн урлагт шимтэн суралцаж, бүжгийн урлагийн түүхийг сонирхон судалдаг нь бидний анхаарлыг ихэд татлаа.
“Sterling Ballet academy”-аа үүсгэн байгуулснаар уг ажлаа гэр бүлийн бизнес болтол нь хөгжүүлж, бяцхан охин, коллежд сурдаг хүүтэйгээ хамтран эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж байна. Д.Өлзийсайхан, Т.Туяа нар бусад туслах багш нарынхаа хамтаар мэргэжлийн бүжгийн хичээлүүдийн заадаг бол хүү Д.Ариунбаясгалан нь балетийн урлагийн түүхийн хичээлийг хүүхдүүдэд заахын зэрэгцээ гэрийн даалгаврыг нь хийлгэх үйлчилгээг давхар үзүүлдэг аж.
Уг академи нь дан ганц балетийн бүжгийн хичээлээр хязгаарлаглагдахгүйхээр хип хоп бүжиг, жазз хөгжмийн бүжгийг мөн заадаг юм байна. Бүтэн жилийн ажлаа дүгнэж, Вашингтон ДиСи хотын томоохон театруудад алдарт “Шелкунчик” балетийг тоглон, эцэг эхчүүд болон урлаг сонирхогч хэн бүхэнд уран бүтээлэ сонирхуулдаг юм байна.
Түүнчлэн уг академийнхаа салбарыг Монгол улсдаа нээхээр бэлтгэл ажлаа базааж байгаа бөгөөд өнгөрсөн өвөл урлагийн чиглэлийн холбогдох байгуулагуудтай хамтран ажиллаж, эх орондоо сургалт явуулаад ирсэн талаараа балетчин Т.Туяа сэтгэл хангалуун байдлаар бидэнд хуучилсан юм.
АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын нэгэн төлөөлөл, гэр бүлээрээ бүжгийн урлагийн гайхамшгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэн, эх орон, элгэн саднаа гэх тэмүүллээр монголчууддаа тус дэм болсоор яваа Д.Өлзийсайхан, Т.Туяа нарын хөрөг нэвтрүүлгийг ирэх сарын 10-ны өдөр хүлээн авч үзээрэй.
Монгол гэр бүлийн үүсгэн байгуулсан балетийн сургуульд зочиллоо | ||
Үзсэн: 4183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.