Шууд Chart

Б.Чингүүн: Бидэнд дайчин чанар дутагдаж байна

2020-07-28 09:22:30

“ДМЮ” клүбийн нэгдүгээр баг өчигдөр МХБХ-ны “Нэгдүгээр лиг”-ийн дөрөвдүгээр тойргийн тоглолтоо “Ховд”-ын эсрэг хийж 1:1-ээр тэнцсэнээр хүснэгтийн тавдугаар байрт хэвээр үлдлээ.

Өдгөө лигийн 10 багийг “Хоромхон” есөн оноотой тэргүүлж, “Лионс”, “Төв буганууд”, “Ховд” тус бүр найман оноотой удаалж, тэдний ард “ДМЮ” клүб долоон оноотой явна.

Хүчтэй өрсөлдөгчтэй оноо хуваасан тоглолтын дараа хаалгач Баттулгын Чингүүн ийн ярив.

Тэрбээр “Энэ жилийн “Нэгдүгээр лиг” их өрсөлдөөнтэй болж байна. Өнгөрсөн жилийн медаль хүртсэн амжилтаа батлах, ахиулахын тулд их хүчин чармайлт гаргах нь эхний тоглолтоос тодорхой болсон. Өчигдөр “Ховд”-ыг хожсон бол их хэрэгтэй байх байлаа. Уг нь тоглолтыг маш эрчтэй эхлүүлсэн ч боломжуудаа ашиглаж чадсангүй. Үүнийхээ хариуд эхний гоолыг алдсан. Өнгөрсөн жилүүдэд тоглолтыг муу эхлүүлж, дараа нь түүнийгээ нөхөхөөр хөөх дүр зураг манай багт олон тохиолдсон. Энэ жил дээрх дутагдлаа засахаар хамгаалалтад их ажиллаж байгаа ч хувь тоглогчдын алдаанаас болоод хүссэн үр дүндээ хүрэхгүй байна. Сүүлийн үед тоглолт бүрт л том алдаа гаргах гээд байх боллоо. Манай багт зохион байгуулалт, ур чадвар, эрч хүч хангалттай байгаа ч туршлага, дайчин чанар дутагдаж байгаа нь үнэн. Цаашдаа ингэмээргүй байна. Бид өмнөх жилүүдэд хамгаалалтад гаргасан алдаагаа хүчтэй довтолгоогоор нөхдөг байлаа. Гэтэл энэ жил довтолгоо ч сайн болохгүй байна. Бөмбөгийг хойд шугамдаа хэтэрхий их эзэмшиж байгаа нь хагас хамгаалагчдын довтолгооны санаачилга муу байгаатай холбоотой. Довтлогчид гоол хийх маш олон боломж алдаж байгааг хүн бүр мэднэ. Уг нь энэ жилийн бэлтгэлийн ихэнх нь довтолгоог амжилттай төгсгөх зорилготой байгаа. Гэвч гоол хийх ёстой хүмүүс тоглолт хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй үед ажлаа сайн хийхгүй байна” хэмээв.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Чингүүн: Бидэнд дайчин чанар дутагдаж байна  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй