Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цагийн байдал ямар байгааг Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс тодруулахад Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн тусгай 102 утсанд ирэх дуудлага ихэссэн, ачаалал өндөр байна хэмээн мэдээллээ. Наадмын өнгөрсөн өдрүүдэд нийт 10215 шуурхай дуудлага ирснээс Эрүүл мэндийн түргэн тусламжийн 103 утсанд 3892, НЦГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн тусгай дугаарын 102 утсанд 5281 дуудлага ирсэн байна.
Түргэн тусламжийн 103 дугаарт ирсэн дуудлаганаас бодит дуудлага 743 байгаагаас төрөхийн дуудлага 80, осол гэмтлийн 158, зөвлөгөө авсан 270, согтуурал болон хэт согтуурлын 53 дуудлага бүртгэгджээ. Түүнчлэн НЦГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн тусгай дугаарын 102 утсанд гэмт хэргийн 1698, бусдын биед гэмтэл учруулсан 386, хулгайн болон танхайрлын 201, зам тээврийн осол гэмтлийн 208, хүчингийн 1, санамсаргүй осол гэмтлийн 12, золгүй байдлын 4, усны ослын 1, аврах туслалцаа хүссэн 1, гал түймрийн 8 дуудлага бүртгэгдсэн байна.
Баярын өдрүүдэд согтуугийн улмаас золгүй байдлаар амиа алдах, эд зүйлээ хулгайд алдах хэргүүд голчлон гарсан ажээ. Иргэдийг наршихаас сэргийлж, гэр орноо эзэнгүй орхихдоо цахилгаан хэрэгсэл болон гал гарч болзошгүй зүйлсийг сайн шалгаж нягтлан, бага насны хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүйгээр орхилгүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй, онц шалтгаангүй бол орой үдэш ганцаар явахаас болгоомжилж, гол устай газраар амрахдаа усны аюулаас сэрэмж алдахгүй байхыг шуурхай албаныхан онцлон анхааруулж байна.
Баяр наадмын өдрүүдээр гэмт хэргийн 1698 дуудлага иржээ | ||
Үзсэн: 2359 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.