
“ДМЮ” клүбийн нэгдүгээр баг МХБХ-ны “Нэгдүгээр лиг”-ийн зургадугаар тойргийн тоглолтоо өчигдөр “Ховд Вестерн”-тэй хийж 3:1-ээр хожсон ч энэхүү гурван оноо тун үнэтэй олдсон юм.
Учир нь “ДМЮ” клүбийн хамгаалалтын гол тоглогч болох С.Жамбалбавуу, Э.Алтангэрэл нар улаан хуудас авснаар дараагийн тоглолтыг өнжих болов.
Тус тоглолтод багийн хаалгыг манасан Ганзоригийн Тэмүүжингийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе.
Тэрбээр “Юуны өмнө хүндхэн тоглолт болсныг хэлье. Эсрэг багийн тоглогчид биеийн хүч сайтай, их туршлагатай. Харин манайх залуу, туршлагагүй. Бид нэгдүгээр үеийн усны завсарлага болтол тэдний хэмнэлд орчихсон. Завсарлагын дараа өөрсдийн тоглолтоо олсон ч хүчтэй өрсөлдөгчидтэй агаарт тулалдах тун ч амаргүй байлаа. Бид 2:0-ээр хожиж явсан ч тоглолтын санаачилгыг алдсан. Улмаар хүн дутуу үлдээд бүр хэцүүдсэн. Хэрвээ эсрэг баг хоёрдугаар үед үүсгэсэн олон боломжоо эрт ашигласан бол тоглолтын хувь заяа хаашаа ч эргэж мэдэх байв. Ямар ч байсан хүнд тоглолтоос гурван оноо авсандаа баяртай байна. Миний хувьд энэ жилийн лигийн хоёр дахь тоглолтдоо хаалгаа маналаа. Манай багт олон жилийн турш хаалгачийн өрсөлдөөн өрнөж байна. Өмнөх жилүүдэд би зарим талаар бэлэн болоогүй байсан байж болно. Тийм ч учраас Б.Чингүүн үндсэн хаалгачаар тоглодог байсан байх. Гэхдээ энэ жил би өөрийгөө түүнээс дутна гэж бодохгүй байна. Б.Чингүүн миний сайн найз. Бас надаас илүү туршлагатайг нь хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би хаалгачийн техник, хурд, дамжуулах чадвараараа түүнээс илүү. Гэвч энэ жил намайг арай бага тоглуулаад байгаа нь жаахан шударга бус санагдаж байна. Ядаж бид хоёрыг нэг нэг тоглолтоор ээлжилж хаалгаж болно шүү дээ. Энэ жил хаалгач Х.Билэгдэмбэрэл ах “ДМЮ”-д эргэж ирсэн ч солилцооны цонх хаагдахаас өмнө “Улаанбаатарын мазаалайнууд” руу зээлээр явсан. Хэрвээ тэгээгүй бол энэ багт юу болох байсныг би төсөөлж ч чадахгүй. Аягүй бол намайг өөр багт зээлэх байсан биз. Би одоо өрсөлдөөнөөс айхгүй. Өрсөлдөөн багт ашигтай. Би 2020 оны “Нэгдүгээр лиг”-ийн шилдэг хаалгач болох зорилготойгоо оны өмнө хэлсэн. Тэр зорилго минь одоо ч хэвээрээ” гэв.
Г.Тэмүүжин: Сэлгээний сандалд олон суумааргүй байна | ||
Үзсэн: 1623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.