Шууд Chart

С.Мөнх-Үжин: Коронавирус хөлбөмбөгт хэчнээн дуртайг минь мэдрүүлсэн

2020-08-11 11:12:33

“ДМЮ” клүбийн үнэнч хөгжөөн дэмжигч Сайнцогийн Мөнх-Үжин хөл хорио тавигдаж, хөлбөмбөгийг цэнгэлдэх хүрээлэнд үзэх хугацааг тэсч ядан хүлээж байна. Нэгдүгээр багийн ахлагч М.Жамбалбавуугийн найз охин тэрбээр клүбийн 2019 оны шилдэг хөгжөөн дэмжигчийн шагналыг хүртсэн юм.

С.Мөнх-Үжин “Бид “ДМЮ” клүбийн тоглолтыг дөрөв дэх жилдээ үзэж байна. Эхэндээ сайн ойлгодоггүй байлаа. Харин үзэх тусам ойлгож, дуртай болсон. Энэ жил коронавирусний улмаас тоглолтууд үзэгчгүй болж байна. Гэсэн ч “Нэгдүгээр лиг” эхлээгүй байхад тоглолт үзмээр санагдаад болдоггүй. Тиймээс “Хөх чононууд”-тай хийсэн нэгдүгээр тойргийн тоглолтын хашааны завсраар үзсэн. Манай баг гоол хийхэд өөрийн мэдэлгүй “Yes” хэмээн чанга хэлэхэд хажуугаар явж байсан хүмүүс гайхсан шүү. Бусад тоглолтыг гар утсаараа үзэж байгаа. Мэдээж шууд үзэх, онлайнаар үзэхийн хооронд ялгаа их бий. Гэхдээ шууд дамжуулж буй хүмүүст талархах хэрэгтэй. Товчхондоо коронавирус хөлбөмбөгт хэчнээн дуртайг минь мэдрүүлсэн гэж хэлж болно. Мөн МХБХ хэдийнэ миний очих дуртай газрын нэг болсон байна. С.Жамбалбавуу бид хоёр хөлбөмбөгийн тухай нээлттэй ярилцдаг. Тоглолт, өрсөлдөгчид, багийнхнаас нь хэн хэн сайжирч байгаа тухай их ярина. Би хааяа хувийн дасгалжуулагч шиг нь байдаг байх. Түүнийг нэг удаа “Бөмбөгөө хөөгөөд явж байхдаа жаргалтай байдаг” гэж ярьснаас нь хойш аль болох дэмжих ёстойгоо ойлгосон. Би зөвхөн “ДМЮ” клүбийн гэлтгүй хөлбөмбөг тоглодог бүх тоглогчийг хүндэлдэг. Зүгээр суулгүйгээр дуртай зүйлийнхээ төлөө өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд тогтмол оролцож байгааг нь хараад бахархахгүй байхын аргагүй. Жишээлбэл би ангийнхаа Б.Дамдинсүрэнг энэ спортод ямар их хайртайг сайн мэднэ. Энэ бүх хичээл зүтгэлийн үр дүн дэмий өнгөрөхгүй гэдэгт итгэдэг” гэв.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Мөнх-Үжин: Коронавирус хөлбөмбөгт хэчнээн дуртайг минь мэдрүүлсэн  
Үзсэн: 1112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй