Шууд Chart

Ч.Нямбаяр: “ДМЮ”-ыг хожих цаг болсон

2020-08-14 11:06:13

“ДМЮ” клүбийн нэгдүгээр баг МХБХ-ны “Нэгдүгээр лиг”-ийн наймдугаар тойргийн тоглолтоо адилхан 14 оноотой яваа “Төв буганууд”-ын эсрэг маргааш хийнэ.

“Төв буганууд”-ын хагас хамгаалагч Чинбатын Нямбаяр манайхыг хожно гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

Тэрбээр “Цар тахлын үед лигийн тэмцээнүүдээ амжилттай зохион байгуулж байгаа МХБХ-ны хамт олонд талархсанаа илэрхийлье. Манай баг “Нэгдүгээр лиг”-ийн наймдугаар тойргийн оргил тоглолтыг “ДМЮ”-ын эсрэг хийнэ. Би жилийн өмнө тэдний бүрэлдэхүүнд багтаж, БНХАУ-ын Хорингерт болсон "Ирээдүй цом” олон улсын тэмцээнд түрүүлж, тэднээс маш их зүйл сурч авсандаа их баярладаг. Гэхдээ энэ нь найр тавина гэсэн үг огтхон ч биш. Харин ч тэднийг хожихыг маш их хүсч байна.
“ДМЮ” маш залуу бүрэлдэхүүнтэй хэрнээ өнгөрсөн жилийн “Нэгдүгээр лиг”-ээс хүрэл медаль хүртсэн сайн баг. Тоглолтын төгсгөлийг сайн хийж, эцсийн шүгэл дуугартал тэмцэж чаддаг. Манайх өнгөрсөн жил тэднийг тоглолтын турш 2:0-ээр хожиж явсан ч сүүлийн 15 минутад гурван гоол алдаж хожигдож байснаа би хэзээ ч мартдаггүй.
Гэхдээ энэ удаа бидэнд хожих боломж маш их бий. Бид өнгөрсөн жил доош унахгүйн төлөө тэмцсэн баг биш болсон. Солилцооны цонхоор олон шилдэг тоглогч элсүүлснээр хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. Лигийг тэргүүлж явсан “Хоромхон”-г сүүлийн тойрогт буулгаж авсан нь тод жишээ. “Төв буганууд”-ын “ДМЮ”-тай тав тоглохдоо бүгдэд нь хожигдсон хар цувралыг таслан зогсоомоор байна. Тухайн үед тэдэнд хожигдсон ах нар энэ жил багтаа эргэн нэгдсэнээс бидний ямар их хүсэл тэмүүлэлтэй байгааг харж болно. Миний нуруунд багахан зовиур байгаа. Хэдий тийм ч дасгалжуулагч намайг талбайд гаргасан тохиолдолд бүхнээ дайчилна” хэмээн ярилаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Нямбаяр: “ДМЮ”-ыг хожих цаг болсон  
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй