Шууд Chart

Чойжин ламын сүм музейн хоёр талаар явган хүний зам хийх чиглэл өгөв

2020-08-20 10:53:05

Чойжин ламын сүм музейн тохижилтыг шалган ажиллалаа. Чойжин ламын сүм музей нь 1904-1908 оны хооронд баригдсан Манжийн хааны зарлигтай сүм юм. Энэхүү музейд Монгол төрөө хамгаалж сахиус буулгаж байсан учир хэлмэгдүүлэлтийн үед хөндөгдөөгүй байна. Музейн утга учир, түүхэн онцлогийг олон нийтэд харуулах нь чухал юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Олон зуун жилийн түүхийн үнэ цэнийг мэддэг, хадгалдаг, өв соёл, урлагаа түгээдэг байх учиртай. Иймдээ ч жуулчид төдийгүй монголчуудын хувьд өндөр, шилэн барилгыг үзэх нь сонин биш. Харин илүүтэй Монгол Улсын түүх, соёл, өв уламжлалыг сонирхож, судалж үздэг болсон. Хотын иргэд түүхээ мэддэг, үнэ цэнээр нь бахархдаг, түүгээрээ ялгардаг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр ажиллаж байгаа үйл хэргийг дэмжиж ажиллана” хэмээж байв.

Мөн энэ үеэр Чойжин ламын сүм музейн хоёр талын авто зам нь музейн хамгаалалтын бүсэд ордог хэдий ч өнөөдрийн нөхцөл байдалд авто зогсоол болчихоод байгаа юм. Уг асуудлыг музейн удирдлагууд Хотын даргад тавьсны дагуу газар дээр нь ажиллалаа. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Урлагийн зөвлөл, Чойжин ламын сүм музейн удирдлагуудын тавьсан хүсэлтийн дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Замын тохижилтын ажлын зураг төслийг баталж гаргасан. Төсөлд тусгаснаар цаашид автомашингүй гудамж болгож, явган болон дугуйн замыг хийж өгч, иргэдийг ая тухтай орчныг бүрдүүлнэ. НИТХ-аар цагийн хязгаар тогтоох тогтоол мөн гарсан. Сүмийн хоёр талаар байгаа авто замын хөдөлгөөнд эхний ээлжинд өглөөний 08 цагаас оройн 18 цаг хүртэл цагийн хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Одоо байгаа авто зогсоолыг явган, дугуйн зам болгон тохижуулах юм” гэлээ. Хотын дарга Ажлын хэсгийн мэдээллийг нягталж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.


Чойжин ламын сүм музейн хоёр талаар явган хүний зам хийх чиглэл өгөв  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй