Жүжигчин Шархүүгийн Мөнхбаяр “Захиас” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киног анх удаа найруулж, үзэгчдэд маргааш хүргэх гэж байна. Уг бүтээлийг “Chure”, “Abrahams” продакшны хамт олонтой хамтарч бүтээсэн байна. Шинэ бүтээлээ үзэгчдэд хүргэж, “шалгалт” өгөх гэж буй түүнтэй ийнхүү ярилцлаа.
-Маргааш киногоо үзэгчдэдээ хүргэж байгааг саяхан сонслоо. Тэд танай бүтээлээс чухам юуг мэдрэх бол ...
-Юуны өмнө бүх насныханд зориулсан бүтээл болсон гэдгийг дуулгая. Миний бие хилийн шугамаар олон явсан. Хилийн цэргийн тухай кинонд ч хэд хэдэн удаа тоглосон. Тэр үед Монгол Улсынхаа хилийн тухай кино хийвэл зүгээр юм байна гэж бодож байсан юм. Тийнхүү Д.Нити найзаараа зохиолоо бичүүлж, өөрөө найруулан мөрөөдлөө биелүүллээ. Хэн нэгэн улсынхаа хил дээр очихоор эх орноороо бахархах, эх оронч үзлийг улам мэдрэх шиг болдог юм билээ. Тэр мэдрэмжээ үзэгчдэдээ хүргэхийг зорьж байна. Хилийн заставт анх очиход Монгол Улсын ардын уран зохиолч П.Бадарч гуайн хилийн тухай шүлэг санаанд бууж байлаа. Мөн дээрээс нь нэг санаа төрсөн.
-Ямар ...
-Дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн сургалтад хилийн шугамаар аялуулах хөтөлбөр багтаавал тун сайн юм шиг. Энэ талд улсаас дэмжлэг үзүүлж, унаа машинаар хангаад жил бүрийн зуны амралтаар ээлжлүүлж хилийн шугамаар аялуулж, “Хил гэж үүнийг хэлдэг юм” гэдгийг ойн ухаанд нь суулгаж өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгвэл тэд улам их эх орноо гэсэн сэтгэхүйтэй болно байх.
-Кино найруулах нь жүжигчнээр ажиллахаас ямар ялгаатай санагдсан бэ?
-Асар их ялгаатай. Тоглож байх үед зөвхөн өөрийнхөө зохиолыг уншиж, жүжиглэлтдээ төвлөрдөг. Харин найруулагчаар ажиллахад бүх хүнийг нэгтгэж, нэг биеэ 1000 хуваахтай дүйцэхүйц ажиллагаа шаардагддаг юм байна. Би 2014 оноос хойш хэд хэдэн кинонд туслах найруулагчаар ажилласан. Тэгэхээр бага ч гэсэн туршлага олсон байснаа сая ашиглалаа. Биднийг Хил хамгаалах байгууллага дэмжиж, Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангид зураг авалтаа хийсэн.
-Таны гол дүрд нь тоглосон “Сумын атаман” киног олон хүн үзсэн байсан. Тэр кинонд тоглосон бүрэлдэхүүн энэ удаа оролцсон уу?
-Баярлалаа. Тэр киног Төв аймгийн Угтаал суманд хийсэн. Зохиолыг нь манай найз Гомбосүрэн Батбаяр дүүтэй барьчихсан надад “Энийг “юм” болгомоор байна” гээд ирсэн юм. Ингээд би продюсероор нь ажиллаж, гол дүрд нь тоглосон. Харин энэ удаагийн кинонд тэднээс хэн нь ч оролцоогүй. Гол дүрд хоёр залуу жүжигчин тоглосон бол туслах дүрд гавьяат жүжигчин Д.Гүрсэд, У.Батбаатар, жүжигчин Б.Нармандах нар ажилласан.
-Маргааш ямар ямар сувгаар гарах вэ?
-Кино театрууд нээгдсэн байгаа хэдий ч дэлхий дахинаа цар тахал дэгдээд байгаа энэ үед бид онлайн нээлтийг сонгосон. Үүний давуу тал нь гадаадад суугаа Монголчууд ч үзэх боломжтой. Тэгээд ч айхтар өвчин гарсан байгаа учир олон хүн цуглуулаад яах вэ. Иймд маргааш 19:00 цагаас юнивишн, скеймедиа, лоок тв, ддэш, скей go-өөр гарна.
-Уран бүтээл талдаа ярихад та одоогоор хэдэн бүтээлд тоглосон байна вэ?
-УДЭТ болон дэлгэцийн нийт 40 орчим бүтээлд гол болон туслах дүрд тоглосон. МҮОНРТ-ийн бүтээл гэвэл “Босго тотго”, “Нарны жим”, “Хавар” гэх мэт. Мөн яг одоо зураг авалт нь хийгдэж байгаа УЕП-т зориулсан “Давхар цагаан шугам” кинонд прокурорын даргын дүрд тоглож байгаа.
-Цаашдаа та найруулагчаар ажиллах гэж байна уу жүжигчин мэргэжлээ үргэлжлүүлэх үү?
-Би КУДС-ийг төгссөн л дөө. Анги удирдсан багш бол Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, уран бүтээлийн гарааг эхлүүлж, гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн хүн бол Монгол Улсын ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн багш. Энэ хүн намайг “Миний хүү найруулагчаар ажиллахад чамд өгөгдөл байна” гэдэг байсан. Бүр аль эрт 2000 оны үед шүү дээ. Тэгэхэд нь би “Хүн жүжигчин болох гэж байхад юун найруулагч” гэж бодоод л өнгөрсөн. Гэхдээ багш надаас нэг давуу тал орж харсан байж болзошгүй. Тэгээд ч би боломж гарвал жүжигчин, найруулагч гэсэн “хос морио” хөтлөөд л явна.
-Маргааш багш тань дээрх киног үзэх нь мэдээж. Харин та хэр их сандарч, зүрхшээж байна вэ?
-Өмнө нь сандарч үзээгүйгээрээ л сандарч байна. Багшаас гадна найруулагч мэргэжилтэй найзууд ч олон байгаа. Тэд маань бас юу гэж хэлэх бол гээд л ... Ер нь их сандардаг юм байна. Гэхдээ би нээлт эхлэхээс өмнө засах юм хэр байна вэ гээд ойр дотны хэдэн хүнд үзүүлээд амжсан. Ихэнх нь ам сайтай байсан болохоор тайвширсан шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Ш.Мөнхбаяр: Боломж гарвал би жүжигчин, найруулагч гэсэн “хос морио” хөтлөөд л явна | ||
Үзсэн: 3770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.