
“ДМЮ” клүбийн нэгдүгээр баг МХБХ-ны “Нэгдүгээр лиг”-ийн есдүгээр тойргийн тоглолтоо маргааш “Лионс”-той хийнэ.
2018-2019 оны улиралд Унгарын домогт хөлбөмбөгч Ференц Пушкашийн академид суралцсан манай багийн хамгаалагч Жавхлангийн Эрдэнэзолбоо тоглолтын өмнө сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр Ло́ранда Э́твёшагийн нэрэмжит их сургуульд тэтгэлгээр суралцах болсон тул хэдхэн хоногийн дараа дахин Будапештийг зорих гэж байна. Ж.Эрдэнэзолбоо “Мэдээж “Лионс” туршлагатай сайн баг. Тийм ч болохоор “Нэгдүгээр лиг”-ийн хүснэгтийг тэргүүлж байна. Бидний хувьд туршлага багатай ч гэлээ энэ бүрэлдэхүүнээрээ олон жил хамт тоглосон, сайн ойлголцдог. Бас их эрч хүчтэй. Тиймээс тун сонирхолтой тоглолт болно.
Манай баг сүүлийн хоёр тоглолтод нэг хожигдож, нэг тэнцсэнээр тэргүүлэгчээс зургаан оноо алдах боллоо. Гэмтэл бэртэл, торгууль шийтгэл гэх мэт олон асуудал байсан. Гэхдээ нөгөө талаар манай багийн тоглогч бүр хангалттай хичээл зүтгэл гаргаж чадаагүй нь үнэн. Багийн спортын амжилт гишүүн бүрийн хичээл зүтгэлээс шууд хамаардаг. Миний хувьд удахгүй Унгар руу их сургуульд суралцахаар явна. Явахаасаа өмнө багтаа өөрийн чадах бүх зүйлээр туслахыг чин сэтгэлээсээ хичээж байна. Гэхдээ манайхан намайг байсан, байгаагүй шилдэг тоглолт үзүүлж, зорьсон зорилгодоо хүрэх чадвартай баг. Тиймээс багтаа огт эргэлзэхгүй байна.
Би 2018-2019 оны улиралд Ференц Пушкашийн академид суралцсан тул Монголд 2018 оны талбайн улирлын сүүлийн хагас, 2018-2019 оны футзалын улирал, 2019 оны талбайн улирлын эхний хагаст тоглож чадаагүй. Тухайн үед гэр бүл, багийнхнаа маш их санаж байлаа. Харин энэ удаа бүр ч их үгүйлэх байх. Монгол Улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ноён Растислав Бозик саяхан надтай утсаар ярьсан. Тэрбээр миний тоглолт бүрийг онлайнаар үзэж байгаагаа хэлээд ДАШТ, ААШТ-ий эрхийн төлөө өрсөлдөж буй үндэсний шигшээ багт урьсан. Харамсалтай нь би Унгарт суралцах болсон тул энэхүү хүндтэй урилгыг хүлээн авч чадсангүй. Үндэсний шигшээ багийн бэлтгэлд хамрагдаж өөрийгөө сорих сайхан боломжийг алдсандаа маш их харамсч байна” хэмээн ярилаа.
Ж.Эрдэнэзолбоо: Багийн амжилт гишүүн бүрийн зүтгэлээс хамаардаг | ||
Үзсэн: 1579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.