
МХБХ-ны “Нэгдүгээр лиг” замынхаа талд орлоо “ДМЮ” клүбийн нэгдүгээр баг эхний хагасын есөн тоглолтод “Эвт хөх чононууд”, “Дэрэн”-2, “Алдарын дайчид”, “Вестерн”-ийг хожиж, “Ховд”, “Хан-Уул”-тай тэнцэж, “Хоромхон”, “Төв буганууд”, “Лионс”-д хожигдсоноор 14 оноотой, хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байна. “ДМЮ” клүбийн дэд тэргүүн, “Нэгдүгээр лиг”-т өрсөлдөж буй багийн ерөнхий менежер Шаашингийн Батсуурь сэтгэгдлээ хуваалцав.
Тэрбээр “Манайх 2015 онд анх “Нэгдүгээр лиг”-т оролцсон цагаасаа хойш Монголын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн ангиллын хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг байсан. 2017 онд МХБХ-ны цом, насанд хүрэгчдийн УАШТ-ий 1/4 шигшээд шалгарсан багийн бүрэлдэхүүнд насанд хүрсэн ч нэг ч тоглогч байгаагүй. Өнгөрсөн жил “Нэгдүгээр лиг”-ээс хүрэл медаль хүртсэн багийн дундаж нас 17.17 байлаа. Харин энэ жил Б.Билгүүн гэж “ДМЮ” клүбийн менежерээр ажиллаж байсан, манай соёл, уламжлалыг сайн мэдэх ахмад тоглогчийг элсүүлсэн. Сүүлийн хэдэн жил насанд хүрэгчдийн УАШТ, “Нэгдүгээр лиг”-т тоглосон түүнийг талбай дээр ч, талбайн гадна ч хүүхдүүдэд үзүүлэх нөлөө их хэрэгтэй. Б.Билгүүнийг эс тооцвол 2000 оны С.Жамбалбавуу, 2001 оны Б.Чойжилсүрэн, 2002 оны Б.Чингүүн, Г.Тэмүүжин, М.Тэмүүжин, Ж.Эрдэнэзолбоо, С.Мөнхтулга, М.Анар, Э.Ган-Эрдэнэ, Б.Насан-Эрдэнэ, Э.Тэмүүлэн, Н.Ананд, Э.Алтангэрэл, Э.Баяржаргал, 2003 оны Б.Дамдинсүрэн, Ц.Мөнх-Эрдэнэ, 2004 оны А.Балжинням, Б.Билгүүн гэсэн тун залуу бүрэлдэхүүнтэй байна. 2000 онд төрсөн, энэ багийн гол ачааг олон жилийн турш нуруундаа үүрсэн тоглогчид маань энэ жил байхгүй. А.Баттулга оны өмнө Ирланд явсан, А.Мөнх-Оргил энэ жил гадаадад суралцах болсон. Харин Т.Анхбаярыгаа футзалын лигийн олон удаагийн аварга “Унаганууд” клүбт зээлээр тоглуулж байна. Тэд байхгүй нь сул тал болж байгаа ч нөгөөтэйгүүр дүү нарынх нь хувьд өөрсдийгөө нээх нь том боломж. Бид өнгөрсөн жил улирлын эхний хагасыг тэргүүлж байлаа. Харин энэ жил олон оноо алдсан нь хэд хэдэн шалтгаантай. Хамгийн гол нь хөл хорионы улмаас улирлын өмнөх бэлтгэлийг сайн хийж чадсангүй. Жил бүр улирлын өмнөх бэлтгэлийг сайн хийдэг нь манай багийн давуу тал байсаар ирсэн. Тавдугаар сараас заал, талбай нээгдэж эхэлсэн ч манай ихэнх тоглогч дунд сургуулиа төгсч, Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн тул бүрэн цугларч чадаагүй. Шалгалт шүүлэг дуусав уу, үгүй юу шууд лиг эхэлсэн. Бас гэмтэл бэртэл их байна. Улирал эхлэхэд л бэртэлтэй байсан Э.Тэмүүлэн, Э.Баяржаргал нар аргагүйн эрхэнд зарим тоглолтод цөөн минут тоглолоо. М.Анар багтаа туслахыг маш их хүсч байгаа ч хөл нь болж өгөхгүй удаж байна. Манай багийн уураг тархи болох учиртай Б.Насан-Эрдэнэ биеийн байдлаас болж нэг хэсэг олигтой бэлтгэл хийж чадаагүй. Түүнийг сайнгүй байхад бид сүүлийн гурван тоглолтоос найман оноо алдсан. Өнгөрсөн бямба гаригт “Лионс”-той тоглоход С.Мөнхтулга нүүр рүүгээ өшиглүүлж, Ж.Эрдэнэзолбоо хөлөө бэртээснээс хойш бэлтгэл хийж чадахгүй байна. Энэ жил хамгийн сайн бэлтгэлтэй байгаа Б.Чойжилсүрэн хоёрдугаар тойргийн тоглолтод гарынхаа зөөлөн эдийг гэмтээсэн ч ашгүй хурдан эргэн ирлээ. Бусад тоглогч ч их ноцтой биш бэртлийг тэсээд л явж байна. Нөгөөтэйгүүр зарим тоглогч өөрийгөө бүрэн дайчлахгүй байгаа нь үнэн. Манай дасгалжуулагч өндөр шаардлага тавьдаг. Өндөр ур чадвартай хэдий ч өөрийгөө дайчлахгүй, бэлтгэл сургуулилтад сайн хамрагдаагүй тоглогчдод боломж олгодоггүй. Ийм шалтгаанаар хэд хэдэн тоглолтоос хүссэн үр дүнгээ авч чадаагүй нь үнэн. Зарим тоглогч шаардлага даахгүй шантраад алга болсон тохиолдол бий. 2004 онд төрсөн А.Балжинням, Б.Билгүүн хоёр их хэрэг болж байна. Уг нь энэ жил Б.Ууганбаяр маань “Нэгдүгээр лиг”-ийн нээлт болох байлаа. Гэвч МХБХ-ноос гаргасан шинэ дүрмийн дагуу тоглолтод оролцох боломжгүй болсон. Түүнийг аравдугаар сарын 30-нд 16 нас хүрэхээс өмнө лиг өндөрлөнө. Бид улирал эхлэхэд тоглогчдоо урамшуулсан. Харин хоёрдугаар хагас эхлэхийн өмнө бэлтгэлийн урамшууллын журам гаргаснаа хамгийн сүүлд хийсэн видео дүн шинжилгээний үеэр танилцууллаа. Бид бууж өгдөг баг биш. Эхний хагасын байдлаар хүснэгтийг тэргүүлж байгаа багаас есөн оноо алдаж байгаа ч ирэх жил дээд лигт хүч үзэх зорилго маань өөрчлөгдөөгүй. Залуу хүний эрч хүч, аз хийморь гэж байдаг. Хүүхдүүд маань нэг айхтар сэргээд, эрчээ авчихвал юунд ч дийлдэхгүй. Хоёрдугаар хагасын бүх тоглолтдоо хожих боломж бий. Хэрвээ зорилго маань биелэх юм бол маш том төлөвлөгөө бий” хэмээн ярилаа.
Ш.Батсуурь: Хоёрдугаар хагасын бүх тоглолтдоо ялбал битгий гайхаарай | ||
Үзсэн: 1206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.