
“ДМЮ” клүбийн нэгдүгээр баг МХБХ-ны “Нэгдүгээр лиг”-ийн 10 дугаар тойргийн тоглолтоо өнөөдөр “Эвт хөх чононууд”-ын эсрэг хийнэ.
Тус тоглолтын өмнө довтлогч Бат-Эрдэнийн Дамдинсүрэнгийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэр гуравхан хоногийн өмнө 17 нас хүрсэн ч гэсэн энэ жил “Нэгдүгээр лиг”-ийн гурван ч тоглолтын шилдэг тоглогчоор шалгараад байна.
Тэрбээр “Манайх 2020 оны улирлын эхний тоглолтыг “Эвт хөх чононууд”-тай хийж, 2:0-ээр хожсон. Эсрэг багийнхан нэгдээд удаагүй, бэлтгэл муутай байсан ч их сайн тоглосон. Харин одоо бэлтгэл нь жигдэрч, гол тоглогчид нь эргэн ирсэн болохоор хүнд тоглолт болох байх. Би нэгдүгээр тойрогт “Эвт хөх чононууд”-ын хаалганд багийнхаа улирлын анхны гоолыг хийсэндээ баяртай байдаг. Би анх удаа “Нэгдүгээр лиг”-ийн эхнээс тоглож байна. Өнгөрсөн жил 16 хүртэлх насны лиг дууссаны дараа хоёрдугаар хагасаас тоглосон ч хүрэл медаль хүртсэндээ баяртай байдаг. Харин энэ жил Т.Анхбаяр, А.Мөнх-Оргил ах хоёр байхгүй болохоор Н.Ананд бид хоёрт довтолгооны гол ачаалал ирсэн. Миний хувьд эхний хагасын есөн тоглолтод зургаан гоол хийж, гурван тоглолтын шилдэг тоглогчоор шалгарсан ч энэ нь хангалттай үзүүлэлт биш. Яагаад гэвэл бид гоол хийх маш олон боломж алдсан. Хэрвээ би боломжуудаа арай илүү ашигласан бол манайх өдийд тавдугаар байрт явж байхгүй. Би энэ жил дасгалжуулагчийн өндөр шаардлага дор тоглож байна. Олон удаагийн видео дүн шинжилгээний дүнд өөрийгөө залхуу, дайчин биш, бөмбөгтэй маш их уддаг, бөмбөг амархан алддагаа мэдэж авсан. Дасгалжуулагчийн өндөр шаардлага заримдаа дарамт болдог нь үнэн. Гэхдээ хэн нэгэн шахаж шаардахгүй бол би хөгжихгүй. Тиймээс өөрийгөө бүрэн дайчилж, сул талуудаа засахыг хичээж байна. Манай баг тоглолтын нөхцөл байдал, өрсөлдөгч зэргээсээ хамаарч 3-5-2, 3-4-3, 4-3-3, заримдаа 4-2-3-1 хувилбар ашигладаг. Би багаасаа төвийн довтлогчоор тоглосон ч хоёр жилийн өмнөөс SS буюу хоёр дахь довтлогч, AMF буюу довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн үүрэг надад илүү тохирохыг мэдэрсэн. Тиймээс 3-5-2, 4-2-3-1 хувилбарын довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглох дуртай. Гэвч манай багийн Э.Тэмүүлэн, Э.Ган-Эрдэнэ, Э.Баяржаргал нар бэртэл гэмтэл, бусад асуудлын улмаас тогтмол тоглохгүй байгаа болохоор заримдаа довтлогчийн үүрэг гүйцэтгэж байна. Хэрэв тэд тогтмол тогловол багт маш их эерэг үр дүн гарна” хэмээн ярилаа.
Б.Дамдинсүрэн: Хэн нэгэн шахаж шаардахгүй бол би хөгжихгүй | ||
Үзсэн: 1735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.