Шууд Chart

Газрыг шинэчлэн зохион байгуулах ажилд нэгдэх хүсэлтэй иргэд нэмэгдэж байна

2014-04-16 14:44:16

Өнөөдөр 11:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй “Газар шинэчлэн зохион байгуулалт” сэдвээр зангиагүй уулзалт хийлээ.

Тэрээр ярихдаа “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
 
“Газар шинэчлэн зохион байгуулах” гэдэг нь иргэн өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай талбайг хувь нийлүүлэн бий болгохыг хэлнэ. Ингэснээр иргэдийн буюу газар өмчлөгчдийн хүсэлт, оролцоо шийдвэрт үндэслэн төсөл боловсруулна.
 
Иргэд зохион байгуулалтад орж нийт талбай дээр амьжиргааны орон сууц, нийгмийн зориулалттай байгууламжийг хаана, ямар хэмжээтэй барих шийдвэр гаргаж гүйцэтгэгч талтай харилцан тохиролцсоноор төсөл хэрэгжиж эхэлнэ.
Нийслэл Улаанбаатар хот 28 мянга шахам га суурьшил бүхий газартай. Үүнээс 79 хувь буюу 22 мянган га газрыг гэр хороолол эзэлж байна.
 
Өнөөгийн байдлаар гэр хороололд 186 мянга гаруй өрх ямар ч газар зохион байгуулалтгүй, инженерийн болон нийгмийн зориулалттай байгууламжийн хүртээмжгүй орчинд амьдарч байна. Энэ нөхцөл нь агаар, хөрсний бохирдлын голомтыг үүсгэснээс нийслэлийн нийт иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг ДЭМБ тогтоожээ. Агаарын бохирдлын 50 хувь нь хөрснөөс үүсэх тоосжилт, 35 хувь нь нүүрсний утаанаас бүрдэж байна.
 
Иргэд энэ бүхнийг ойлгож мэдэрсэн учир гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажиллагаанд хамрагдах хүсэл нэмэгдсэн.
 
Одоогийн байдлаар 30 мянга шахам иргэд шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.
Харин 12 мянган иргэнийг хамарсан судалгаа бэлэн болсон бөгөөд цаашдаа нийт өрхийг хамарсан судалгааг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн гэсэн юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Газрыг шинэчлэн зохион байгуулах ажилд нэгдэх хүсэлтэй иргэд нэмэгдэж байна  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй