
“ДМЮ” клүбийн нэгдүгээр баг МХБХ-ны “Нэгдүгээр лиг”-ийн 11 дүгээр тойргийн тоглолтоо маргааш “Хоромхон”-ын эсрэг хийнэ.
Энэхүү хариуцлагатай чухал тоглолтын өмнө 16 настай хамгаалагч Ариунтөгсийн Балжинням сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Би өнгөрсөн жил “Нэгдүгээр лиг”-ийн сүүлийн гурван тоглолтод оролцож, хүрэл медаль хүртсэн. Улирлын ихэнх хэсэгт 16 хүртэлх насны лигт тоглож, үргэлжлүүлээд Вьетнамд болсон 16 хүртэлх насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд оролцсон тул “Нэгдүгээр лиг”-т олон тоглож чадаагүй. Харин энэ жил эхнээс нь бүх тоглолтод оролцож, ямар өрсөлдөөнтэй лиг болохыг бие, сэтгэлээрээ мэдэрч байна. Манай багт насаар залуу ч туршлагатай, ур чадвартай олон хамгаалагч бий. 2000 онд төрсөн С.Жамбалбавуу ах багаа маш сайн удирдаж, хэрэгтэй зөвлөгөө өгдөг нь их тус болдог. 2001 оны Б.Чойжилсүрэн ах дайчин, ямар ч аюултай довтолгооныг шууд очиж тасалж чаддаг. 2002 оны Ж.Эрдэнэзолбоо, С.Мөнхтулга, М.Анар, М.Тэмүүжин ах нар сайн хамгаалагчаас гадна довтлогч шиг өндөр ур чадвартай. Тэднээс өдөр бүр суралцаж байгаа нь надад сайнаар нөлөөлж байна. “Нэгдүгээр лиг”-т тоглоход өөрөөсөө олон насаар ах, туршлагатай довтлогчдыг хамгаалах үүрэг надад оногддог. Намайг төрөхөөс ч өмнө хөлбөмбөг тоглож байсан, миний аавын насны хүмүүс ч байх нь бий. Тиймээс туршлага их дутаж байна. Жишээлбэл, манайх хоёрдугаар тойрогт “Хоромхон”-той тоглоход би маш том алдаа гаргаснаар эсрэг баг гоол хийж, манайх 2:3-аар хожигдсон. “Хоромхон” жижиг гэлтгүй алдаа бүрийг ашиглаж чаддаг сайн баг. Тиймээс тэднийг хожихын тулд хором мөч бүрт өндөр анхааралтай байх хэрэгтэй” хэмээн ярилаа.
А.Балжинням: “Хоромхон” алдаа бүрийг ашиглаж чаддаг сайн баг | ||
Үзсэн: 1016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.