Шууд Chart

Залуучуудын хөгжлийн төвд 10 мянган программист бэлтгэх төслийг хэрэгжүүлнэ

2020-09-05 14:10:21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан энэ сарын 4-ний өдөр Багануур дүүрэгт ажиллаж, “Багануур-Ус” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон, дүүрэгт баригдаж буй Залуучуудын хөгжлийн төв, дүүргийн 4 дүгээр хороонд шинээр  баригдаж буй цэцэрлэгийн барилгын явцыг шалгалаа.

“Багануур-Ус” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Н.Буддорж өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар болон цэвэр усны төв шугамын шинэчлэл хийгдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Цаашид дүүргийн хэмжээнд байгаа гүний худгуудыг бүрэн автоматжуулах шаардлагатай байгаа талаар дуулгалаа. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан шаардлагатай төсөв санхүүтэй холбоотой асуудлыг Барилга хот, байгуулалтын яамны сайдтай хамтран шийдвэрлэхээр боллоо.

Залуучуудын хөгжлийн төвийн барилгын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг барилгыг “Мөнхийн үргэлжлэл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 15-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Залуучуудын хөгжлийн төв нь нийт 6 давхар барилгад үзэсгэлэнгийн танхим, номын сан, фитнесс иог, иргэдэд зориулсан ажлын өрөөтэй байхаар тохижуулах аж.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй “10,000 программист” бэлтгэх төслийг Багануур дүүрэгт хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дүүргийн Засаг даргад үүрэг болголоо. Тэрбээр “мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой уг төслийг Багануур дүүргийн Залуучуудын төвд хэрэгжүүлье. Багануур дүүргийн хүүхэд залуучууд ирээдүйд мундаг программист, мэдээлэл технологийн шинэ алхамыг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээсэн юм.


Залуучуудын хөгжлийн төвд 10 мянган программист бэлтгэх төслийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй