
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан энэ сарын 4-ний өдөр Багануур дүүрэгт ажиллалаа. Багануур дүүргийн 4 дүгээр хороонд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 100 ортой тус цэцэрлэг нь ирэх сард ашиглалтад орох аж. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд иж бүрэн тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар гадна засварыг хийх хөрөнгөтэй холбоотой асуудал байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд төсөв санхүүтэй холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгоод, цэцэрлэгийн барилгыг чанарын өндөр түвшинд аюулгүй байдлыг хангаж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад санууллаа.
Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс МТ-шатахуун түгээх станц хүртэлх 1,2 км автозамыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан байна. Өнгөрсөн онд тус замын эхний хэсэг болох 500 метр газрыг “Хөвчийн зам” ХХК гүйцэтгэсэн бол энэ онд үлдсэн замыг “Тэгш плант” ХХК гүйцэтгэжээ. Гэвч энэ онд ашиглалтад оруулсан 500 метр автозамд торон хагарал үүсч хүнд даацийн автомашин зорчих боломжгүй болсон талаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэллээ.
Тэрбээр “Намаг ихтэй хэсэгт байрладаг автозам учраас доош ухаж болохгүй байсан талаар гүйцэтгэгч компанийн зүгээс мэдэгдэж байсан. Хөрсний шинжилгээ буруу хийгдсэнээс болж маш их торон хагарал үүссэн гэх таамаглал бий.Одоогийн байдлаар гүйцэтгэгч компанийнхантай хамтраад Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна” гэв.
Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан улс нийслэлийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтад хатуу хяналт тавьж ажиллах ёстой гэдгийг онцолж хэллээ. Мөн яаралтай Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулж, технологийн горимын дагуу чанарын өндөр түвшинд автозамыг барьж дуусгахыг гүйцэтгэх компанийн удирдлагуудад үүрэг өглөө. Тэрбээр хэлэхдээ “Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтуудад хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Намаг ихтэй газарт автозам барьж байгаа бол технологийн горим алдагдуулалгүй, нарийн судалгаа хийж автозамаа барих байсан.
Энэ мэт асуудал нийслэлд ч цөөнгүй тулгардаг учраас бодлогын яамдуудад хамтарч ажиллах санал хүргүүлнэ. Барилгын компаниудын үүрэг оролцоог нэмэгдүүлсэн, төрийн бодлогоор зангидсан шийдлийг хэрэгжүүлэхгүй бол дунд шатанд ажил цалгардаж байна.Улс нийслэлийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалт бүр чанартай, үр өгөөжтэй байх ёстой зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй” гэлээ.
100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг баригдаж байна | ||
Үзсэн: 1025 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.