Жилд нэг удаа ойд байгаа хатаж хуурайшсан, унанги моддыг цэвэрлэдэг. Энэ нь ойг түймэр болон хортон шавжид өртөх аюулаас сэргийлэх бөгөөд ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах, ойн ариун цэврийн байдал дээшлэх ач холбогдолтой.
Одоогоор Нийслэлийн ногоон бүсийн ойн санд байгалийн аясаар, түймэр хөнөөлт шавжийн нөлөөгөөр хатаж хуурайшсан, салхинд булгарч иш нь хугарсан мод бүхий цэвэрлэгээ хийх шаардлагатай 3359 га талбайд 25260м3 хатсан, 3528 га талбайд 65320м3 унанги модны нөөц байгааг тогтоосон. Эдгээрээс “Нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Өвөр гүнт, Майхан толгойн ам, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн сангийн нойтон цас, хүчтэй салхины нөлөөнд их хэмжээгээр нэрвэгдэж гол ишээрээ хугарч унасан, хатсан моддыг цэвэрлэн ойн ариун цэврийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг гаргасан.
Ойн цэвэрлэгээний огтлолоор 480м3 хэрэглээний мод, 280м3 түлээний мод, ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 5000м3 бэлтгүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээрээс нийслэлд 33 сая 244 мянган төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх боломжтой гэж албаныхан тооцжээ.
Харин ойн цэвэрлэгээ хийх аж ахуйн нэгжүүдийг сонгохдоо холбогдох хууль, журмыг баримтлан ойн арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын эрхтэй, хүн хүч, техникийн хүчин чадал зэргийг харгалзан үзнэ. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийг цэвэрлэгээ хийсэн талбайг нөхөн сэргээлгэхэд онцгой анхаарч ажиллах юм байна.
Унасан моддыг цэвэрлэнэ | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.