Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-04-19 06:23:20

Өнгөрсөн долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш улс төрийн амьдрал идэвхжээд буй. Өнгөрөгч долоо хоногт ч улс төрийн үйл явдал арвинтай байлаа.  
Мьянмар Улсын Холбооны парламентийн дарга Тура У Шве Манн тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчиллаа. Манай хоёр улсын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмар Улсын парламентийн дарга тэргүүтэй анхны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд онцлосон. Соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал болохыг хоёр тал тэмдэглэв. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй зэрэг үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн бариад байсан билээ. Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцээд Х.Тэмүүжинтэй холбогдох мэдээллүүд хангалтгүй байна гэж үзсэн учраас түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хугацааг түр хойшлууллаа.

Эмчилгээ хийлгэхээр Япон улсыг зориод байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд Токио хотноо албан өргөөнд нь зоог барьжээ. Талууд уг уулзалтын үеэр Монгол, Япон хоёр орны харилцаа өндөр дээд түвшинд эрчтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон байна.  

УИХ-ын гишүүн Г.Уянгын зохион байгуулсан "Монголын нэг өдөр 2014" тайван цуглаан Чингисийн талбайд хоёр өдөр үргэлжиллээ. Сандалтай жагсаалд баг зүүж ирээд өөрт тулгамдсан зүйлээ чөлөөтэй ярьж болох боломжийг нийтэд олгоод байсан тус жагсаалд ахмадууд идэвхтэй оролцсон юм. Жагсаал зохион байгуулагчийн зүгээс залууст хандаж өөрийнхөө амьдралын төлөө идэвх гаргах хэрэгтэйг сануулсан. Жагсаалд багтай ирсэн нэг ч хүн байгаагүйг онцлов. 
 
Өнгөрсөн долоо хоногт МУГЖ С.Жавхлан “Эсэргүүцлийн жагсаал” хийсэн юм. Тэрээр МАН-ын “давхар дээл тайлъя” гэсэн уриалгыг үг, үйлдлээрээ үндэсний дээл хувцсыг гутаалаа гэж дээлтэй жагсаал хийв. Монгол дээлийг улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлж шидсэнээрээ МАН-ынхан, харин улс төрийн маргаанд оруулж хэлж хэрэглэснээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг буруутай гэв. МУГЖ С.Жавхлан нийт ард түмнээсээ уучлал гуйхыг шаардаж, дараагийн сонгуулийн үеэр монгол дээл өмсч сурталчилгаа хийхгүй байхыг сануулсан юм.

МУГЖ С.Жавхланг монгол дээлээ өмөөрч жассан өдөр буюу пүрэв гарагт МАН-ынхан ордны гадна мөн жагслаа. Тэд өмнөх долоо хоногт тавьсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг хуулийг өөрчилж давхар дээлээ тайлахыг шаардсан шаардлагынхаа хариуг нэхэн ийн жагсаал зохион байгуулсан. Энэ үеэрээ Улс орны амьдрал хүнд байхад эрх баригч намынхан Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй байна гэж шүүмжилсэн МАН-ын гишүүд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах эсэх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг уг асуудлаар дахин гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч Улсын Их Хурлын дарга З.Энхболд дахин завсарлага өгөх боломжгүй гэж үзсэн юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Хуулийн төслийн II зүйлд өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийн хэрэгжилтийг 2016 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлнэ гэснийг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хууль хэрэгжиж эхэлнэ” гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулж ирснийг гишүүд хэлэлцээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Төв аймагт ажиллалаа. Ерөнхий сайд шинэчлэлийн бодлогод багийн Засаг дарга нарын саналыг тусгах зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тус аймагт зохион байгуулсан “Баг-Иргэний засаг захиргаа” цуврал хэлэлцүүлэгт оролцсон юм. Үүнийхээ дараа тус аймгийн зарим бүтээн байгуулалттай танилцлаа.
 “Ерөнхий сайдын 30 минут” өнгөрсөн пүрэв гарагт боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “АТГ-аас таны охин болон зөвлөхийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Мөн Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай болон Өмнөговь аймгийн Засаг дарга С.Бадраа нарт хариуцлага тооцох шаардлагыг Хэрэг эрхлэх газарт өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хүнийг гэм буруутай эсэхийг зөвхөн шүүхийн шийдвэр гарсны дараа л тогтооно. Тэгэхээр үүнээс өмнө яригдаж байгаа яриа бол суртал нэвтрүүлэг гэж ойлгож байгаа. Ер нь Засгийн газарт хоёр жил ажиллахад Монгол ардын нам, Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна” гэж хариулав.

Мөн долоо хоногт болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Иргэдээс ирсэн санал, гомдлыг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс автомашин зөөж, шилжүүлэх зохицуулалтад өөрчлөлт орууллаа. Үүнд, үүрэн телефоны операторуудтай хамтран тээврийн хэрэгслийг нь зөөж шилжүүлсэн талаар эзэмшигчдэд мессежээр мэдээлэл өгөх, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн болон бусад үйлчилгээний хураамжийг бэлэн бусаар авах тогтолцоог нэвтрүүлэх, үйлчилгээний хураамжийг 24 цагийн турш төлөх боломжийг олгох зорилгоор ухаалаг гар утастай иргэд шууд төлөх боломжтой “SWIPE” үйлчилгээг ашиглалтад  оруулах, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг хол зайд зөөхгүйгээр дугуйг нь түгжих, тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашиныг хянах зорилгоор тусгай зориулалтын автомашинуудад хяналтын GPS суурилуулах зэрэг ажлыг хийх санал гаргалаа. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх ажлуудыг хийх нь зүйтэй гэж үзээд зарим ажлыг нийслэлийн Засаг даргын захирамж гарган хэрэгжүүлж, тээврийн хэрэгслийг түгжих зэрэг журмын шинэчлэлтийг нийслэлийн ИТХ-ын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.

Улс төрийн жагсаал олонтой байсан өнгөрсөн долоо хоногт Мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл бас жагссан юм. 500 уран бүтээлч, ажилтан ССАЖЯ-ны гадна талбайд тайван жагсаал хийв. Тэд салбарын яамтай болсон ч ажилчдын цалин, тэтгэвэр нэмэгдээгүй, нийгмийн халамж үйлчилгээ, ажиллах орчин нөхцөл сайжраагүй гэх мэт олон асуудлыг хөндөж байсан юм. Түүнчлэн  салбарын сайд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ажил авснаасаа хойш соёл урлагийн салбарын хөгжил дэвшил, бодлого төлөвлөгөөнд дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгааг нь шүүмжиллээ.

Өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ. Манай улсын экспортын гол таван бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 шахам хувь өсчээ. Задлаж үзвэл, алтны экспорт 120 хувь, зэс 52.9 хувь, түүхий газрын тосны экспорт 63.8 хувиар тус тус өсч, төмрийн хүдрийнх 19 хувиар буурсан байгаа аж. Нүүрсний экспортын хэмжээ өссөн ч үнийн дүн буурсан, энэ нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай, нөгөөтэйгүүр Эрдэнэс Тавантолгой ХК нүүрсний экспортынхоо багагүй хэсгээр “Чалко” компанийн өр төлж байгаатай холбоотой. Нийт 350 сая ам.долларын зээлийн өрөөс одоо 132 нь үлдээд байна. Манай улсын гадаад худалдааны алдагдал нэг тэрбум орчим ам.доллар байсаар ирсэн бол энэ оны эхний улиралд 9.1 сая болж нэлээд хэмжээгээр буурсан нь том ахиц гэдгийг тодотголоо. Импортын гол бараа бүтээгдэхүүнүүдээс дизелийн түлш, ачааны автомашин, хүнд машин механизм болон тэдгээрийн сэлбэг, мөн хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхины импорт буурчээ. Харин хувцас, нэхмэл бүтээгдэхүүн, гутал, малгайн импорт өссөн байна. Хөрш орнуудын эдийн засаг, гадаад орчны эрсдэл болон дотоод нөөцөө тооцоолоход 2014 онд Монгол Улсын эдийн засаг 12.9 хувь хүрч өсөх хандлагатай байна гэж Засгийн газрын тэргүүн танилцуулаад УИХ дахь МАН-ын бүлэгт мэдээлэл хийх хүсэлтээ дахин тавилаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 21-ний өдөр даваа гарагт албан ёсоор дуусна. Тиймээс бүртгүүлж амжаагүй, бүртгэлийн явцад алдаа гаргасан, хичээл нэмүүлэх хүсэлтэй төгсөгчид Боловсролын үнэлгээний төвд яаралтай хандахыг анхааруулъя. Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг www.eec.mn цахим хуудас болон 70119498 утсаар холбогдож авах боломжтой.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй