Шууд Chart

Элчин сайд Б.Алтангэрэлтэй уулзлаа

2014-04-22 10:26:48

АНУ-ын Washington DC хотноо МҮОНРТ-ийн үзэгч сонсогчдын уулзалт энэ сарын 12-18-ны өдрүүдэд үргэлжлэн явагдлаа.

Үзэгч сонсогчдын уулзалтын хүрээнд Монгол Улсыг төлөөлөн АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэлтэй томилолтын багийн төлөөлөл болох МҮОНТ-ийн сэтгүүлч П.Алтанцэцэг, найруулагч Т.Нямбаяр, МҮОНР-ийн сэтгүүлч Мөнгөнцэцэг, MNB.mn сайтын сэтгүүлч Ж.Мядагбадам нар уулзав.
 
Уулзалтын эхэнд элчин сайд Б.Алтангэрэл хэлэхдээ “АНУ нь хилийн чинадад ажиллаж, амьдарч буй монголчуудын тоогоор БНСАУ-ын дараа ордог том гүрэн билээ. Судалгаанаас үзвэл АНУ-д нийтдээ 30 орчим монгол иргэн байдгаас 6-7 мянга нь Вашингтон ДС хот орчимд бий. Тиймээс МҮОНРТ-ийн уран бүтээлчид монголчуудын төвлөрөл ихтэй хотыг сонгон авч,  үзэгч сонсогчдын уулзалт хийж байгаа нь ихээхэн сайшаалтай хэрэг юм” хэмээн онцлосон юм.
 
Түүнчлэн АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын өдөр тутмын амьдралын хэвшил, тус улсын ахуй орчин, нийгэм соёлын байдалтай нь хэрхэн дасан зохицож, аж төрж буйг нээн харуулах зорилго бүхий  мэдээ сурвалжлага, нийтлэл, ярилцлага, үзэгч, сонсогч, редакцийн уулзалт  нэвтрүүлгүүдийг бэлтгэж буйд талархлаа илэрхийллээ.
 
Элчин сайд Б.Алтангэрэлийн хувьд Монгол Улсаа төлөөлөн АНУ-д суугаа зургаа дахь бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд 1989 оноос хойш Г.Нямдоо, Л.Даваажив, Ж.Чойнхор, Р.Болд, Х.Бэхбат нар тус улсад элчин сайдын албан тушаалд томилогдон ажиллаж байсан билээ.
 
АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яам нь нийт 13 хүний бүрэлдэхүүтэйгээр вэбсайт, лавлагааны утсаар дамжуулан иргэдтэйгээ байнгын харилцаатай ажиллаж, бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн санал хүсэлтийг зохицуулж өгөх, холбогдох газруудад уламжлах, шаардлагатай бичиг баримтаар хангаж өгөх, аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэг бусад асуудлуудад нь анхааран ажиллаж байгаагаа дуулгасан юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Элчин сайд Б.Алтангэрэлтэй уулзлаа  
Үзсэн: 1865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй