АНУ-ын Вашингтон ДиСи хотноо МҮОНРТ-ийн үзэгч, сонсогчдын уулзалт энэ сарын 12-18-ны өдрүүдэд амжилттай үргэлжлэн явагдаж, томилолтын багийнхан эх орондоо хүрэлцэн ирээд байна.
Үзэгч, сонсогчдын уулзалтыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Наранбаатар, дэд захирал Ё.Батбаяр нар ахлан, Олон нийтийн радио, Олон нийтийн телевиз, MNB.mn сайт зэрэг салбар нэгжийн 10 гаруй уран бүтээлч хөтлөн явууллаа.
АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын өдөр тутмын амьдралын хэвшил, тус улсын ахуй орчин, нийгэм соёлын байдалтай нь хэрхэн дасан зохицож, аж төрж буйг нээн харуулах зорилго бүхий мэдээ, сурвалжлага, нийтлэл, ярилцлага, үзэгч, сонсогч, редакцийн уулзалт нэвтрүүлгүүдийг бэлтгэсэн юм.
Тодруулбал, МҮОНТ-ийн хувьд сэтгүүлч П.Алтанцэцэг, найруулагч Т.Нямбаяр, зураглаач С.Отгонжаргал нарын бэлтгэн хүргэх “Би Монгол Хүн” цуврал хөрөг найрууллын зочноор Вашингтон ДиСи хотын томоохонд тооцогдох чулууны таван үйлдвэрийн нэгийг үүсгэн байгуулагч Монгол Улсын иргэн Б.Дэлгэрцогт уригдан оролцсон юм. Тэрээр анхлан хилийн дээс алхан, эрх чөлөөний оронд зорчсон сонирхолтой түүх, эх адаггүй өрсөлдөөний дундах бизнесийн ертөнцөд хэрхэн хөлөө олсон, эх орон, элгэн саднаа санагалзсан гэгэлгэн сэтгэлээ хэрхэн илэрхийлэн ярьсныг тун удахгүй үзэгч, уншигч, сонсогч та бүхэн Монгол хүн гэдгээрээ омогших сэтгэлийг төрүүлэгч “Би Монгол Хүн” цуврал хөрөг найрууллаас хүлээн авч үзээрэй. Үзэгч түмэнд “хөдөөгийн” П.Алтанцэцэг хэмээн алдаршсан авьяаслаг сэтгүүлчийн удаах бүтээл Вашингтон ДиСи хот дахь Монгол сургуулийн боловсролын асуудлаар бэлтгэсэн сурвалжлага нэвтрүүлгээр үргэлжлэн хүрэх болно.
Түүнчлэн үзэгч та бүхэнд жил гаруй хугацааны өмнө хүрэх болсноор олны талархлыг богино хугацаанд хүлээсэн “Дөрвөн урилга” нэвтрүүлгийн зочноор Г.Ганзориг гэх эгэлгүй эрхэм уригдан оролцсон бөгөөд сэтгүүлч Э.Мөнхзул, зураглаач С.Отгонжаргал, найруулагч Т.Нямбаяр нарын бэлтгэн хүргэх бас нэгэн нэвтрүүлэг бол “Амьдралын үргэлжлэл” юм.
“Амьдралын үргэлжлэл” теле хөрөг нэвтрүүлгийн зочноор АНУ-ын Вашингтон ДиСи хотноо найман жилийн турш худалдааны салбарт амжилттай ажиллаж, элгэн саднаа гэх халуун сэтгэлээр монголчууддаа тус дэм болсоор яваа Т.Батбаатар хэмээх эгэл хэрнээ гайхам амьдралыг бүтээж буй залуугийн өдөр тутмын аж төрөхүй, амьдралыг үзэх үзлийн талаарх ухаалаг яриаг тольдох боломжтой.
Мөн долоо хоног бүрийн мягмар гарагийн үдэш бүр таны сонорт хүрдэг соёл урлагийн мэдээ мэдээллийн “Соёл эрдэнэ” теле сэтгүүл Вашингтон ДиСи, Чикога хотноо уран бүтээлээ туурвин амьдарч, өөрсдийн чин халуун сэтгэлээр үндэсний урлаг, өв соёлын гайхамшгийг дэлхий нийтэд сурталчлан түгээдэг долоон монгол иргэний ярилцлагаар баяжигдан, зураглаач С.Отгонжаргал, найруулагч Т.Амармэнд нарын бэлтгэснээр хүрэх юм.
Найруулагч Т.Амармэндийн бэлтгэн хүргэх “Гэгээн үдэш” булан, зураач Д.Цолмон, Монгол балетийн сургуулийг үүсгэн байгуулагч, балетийн мастер Д.Өлзийсайхан нарын хөрөг, тус хотод суугаа монгол иргэдийн хүрээнд зохион байгуулагдсан МҮОНРТ-ийн үзэгч, сонсогчдын уулзалт нэвтрүүлгийг мөн хүлээн авч үзэх боломжтой.
Үзэгч та бүхний элгэн садан, төрөл төрөгсөд уг уулзалтад хүрэлцэн ирж, санал хүсэлтээ илэрхийлснээр танай гэрийн хойморт зочлох эрхийг эдэлсэн гэдгийг дуулгахад таатай байна. Түүгээр зогсохгүй Вашингтон ДиСи хот дахь монголчуудад МҮОНРТ-ийн зүгээс өргөн барьсан бас нэгэн бэлэг болох СТА дуучин Л.Болбаатарын “Морин жилийн хийморь” тоглолтын үеэр чөлөөт мэндчилгээ өрнөсөн тул цэнгүүнийг сурвалжилсан нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.
Дээрх нэвтрүүлгүүд нь тун удахгүй МҮОНТ-ийн эфирээр нэгэн өдрийн тусгайлсан хөтөлбөр хэлбэрээр үзэгчдэд хүрэх бөгөөд цаг тухайд нь mnb.mn сайт мэдээлэх болно. Хэрэв та уг нэвтрүүлгүүдийг хөтөлбөрт өдрөөр нь хүлээн авч үзэж амжаагүй бол mnb.mn сайтад дахин байрших хэлбэрээр нь үзэх боломжтой.
МҮОНР-ийн сувгаар дамжуулан тус хотод ажиллаж, амьдарч буй монголчуудын талаар цуврал нэвтрүүлгүүдийг сонсох боломжтойгоос гадна mnb.mn сайтын редакцийн зочин булангаас Вашигтон ДиСи хотын “Marble&Granite” чулууны үйлдвэрийн эзэн Г.Энхтөр, Монголын урлагийн гайхамшгийг дэлхийн дайдад сурталчилж яваа зураач Д.Цолмон, Монгол Улсын 70 жилийн турш тасраад байсан Бурханы шашны Цамын урлагийн уламжлалын түүчээг өнөө үетэй холбож, нэгэн насныхаа амьдралыг урлагт зориулж яваа Н.Ганхуяг, хэн хүмүүнд нэгийг бодогдуулам амьдралыг бүтээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс гайхамшигт амьдралыг буй болгогч болтлоо өсөн дэвжсэн Г.Ганзориг нарын ярилцлагыг унших юм.
Түүнчлэн mnb.mn сайтын сэтгүүлч Ж.Мядагбадамын анхны томилолтын сонирхолтой замын тэмдэглэл, сурвалжлагуудыг уг цахим хуудаснаас унших боломжтойг мөн дуулгахад таатай байна.
АНУ-аас “Би Монгол хүн” хөрөг найруулал бэлтгэлээ | ||
Үзсэн: 4474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.