Шууд Chart

Грассрүүтс хөл бөмбөгийн сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгууллаа

2020-11-03 09:31:20

МХБХ-ноос орон нутагт нийтийн хөл бөмбөгийг хөгжүүлэх зорилгын хүрээнд Грассрүүтс хөл бөмбөгийн сургагч багш бэлтгэх, фестиваль зохион байгуулах хамгийн эхний үйл ажиллагааг Говь-Алтай аймагт өнгөрсөн аравдугаар сарын 31-нээс энэ сарын 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Тус аймагт МХБХ-ны дэд ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхзул, сургагч багшаар ОУХМ Б.Гарьдмагнай, спортын мастер Б.Ганбат, Грассрүүтсийн элч төлөөлөгчөөр ОУХМ Э.Ганзориг нар томилогдон ажиллалаа.

Гурван хоног үргэлжилсэн онол, практик хосолсон сургалтанд төвийн болон сумдын ЕБС-иудын нийт 20 багш оролцож, грассрүүтс хөл бөмбөгийн сургалтын анхан шатны мэдлэгтэй болж, фестиваль зохион байгуулах ур чадварт суралцлаа.

Нийт оролцогчид сургалтын хугацаанд идэвхтэй, бүрэн оролцоотой байж, сурсан зүйлээ өчигдөр зохион байгуулсан грассрүүтс хүүхдийн фестиваль дээр хэрэгжүүлэв. Грассрүүт фестивальд нийт 10-12 насны 120 хүүхэд оролцож нэг өдрийг баяр хөөртэйгөөр хөл бөмбөгт суралцаж өнгөрөөлөө.

Грассрүүтс фестивалийн нээлтэнд аймгийн удирдлага өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, Говь-Алтай аймагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд дэмжиж байгаа МХБХ-нд талархал илэрхийлэв.

МХБХ-ны ажлын хэсэг аймгийн удирдлага, бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж, Говь-Алтай аймгийн гишүүн холбооны үйл ажиллагааг цаашид сайтар дэмжиж хамтран ажиллах талаар нааштай ярилцлагуудыг хийж Засаг дарга болон ЗДТГД-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Мөн Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөлтэй уулзаж, шинэ офисын гэрээг баталгаажуулж, МХБХ-ноос дэмжлэг болгон өгч буй компьютерийг гардууллаа.

Говь-Алтай аймгийн хувьд өсвөрийн хөл бөмбөгийн хөгжилд онцгой анхааран ажиллаж байгаа бөгөөд хэдхэн долоо хоногийн өмнө охидын шигшээ баг байгуулсан юм. Грассрүүтс сургагч багшийн сургалтын үеэр оролцогчид, өсвөрийн багууд болон МХБХ-ны сургагч багш нарын хооронд гурван удаагийн нөхөрсөг тоглолтыг хийж Говь-Алтай аймгийн багууд туршлага хуримтлуулж мэдлэгээ тэллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Грассрүүтс хөл бөмбөгийн сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгууллаа  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй