
“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосон байдаг. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.
Тиймээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монголын генералуудын өдөр” хэмээн нэрийдэж, 2004 оноос генерал төрүүлсэн байгууллагууд ээлж дараалан зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жил Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ой тохиож байгаагаараа онцлог бөгөөд Батлан хамгаалах яам, “Монгол генерал” төв өдгөө энх тунх ажиллаж, амьдарч яваа генералуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх юм байна. 1944 оноос хойших 70 жилийн хугацаанд 160 алтан мөрдэстэн буюу генерал цолтон төрөн гарсан байна. Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт орсноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цол хэрэглэхээр болсон юм.
Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ой тохиож байна | ||
Үзсэн: 5242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.