Шууд Chart

Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай санал солилцлоо

2014-04-24 10:23:24

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Д.Сумьяабазар, Ё.Отгонбаяр нар Эрүүл мэндийн яам болон эмнэлгүүдийн удирдлагуудыг Төрийн ордонд хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр салбарын хүний нөөцийн асуудал дутагдалтай байгаа, үүнээс нь болоод ачаалалтай ажилладаг, эрүүл мэндийн салбарын төсөв хаанаа ч хүрдэггүй, ялангуяа эмийн төсөв дээр хангалтгүй байгаа талаар эмнэлгийн удирдлагууд хэлж байлаа. Мөн эрүүл мэндийн салбар нь өөрөө тусламж үйлчилгээний байгууллага. Гэтэл системийн гажуудалтайн улмаас зарим үед өвчтнүүдийн тоо, урсгал зардал нэмэгдснээр төсөв хүрэхгүй байх хүндрэлтэй асуудал гардаг гэлээ. Түүнчлэн эмнэлгүүдийн барилгын асуудал болон газар эзэмшилтэй холбоотой маргаан байнга гардаг талаар бодит жишээн дээр тайлбарласан юм.

Уулзалтад оролцогсод Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ийнхүү эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, салбарын ажилтнуудын санаа бодлыг сонсож байгаад талархал илэрхийлээд, эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэхдээ, өнөөдөр нийслэлийн эмнэлгийн байгууллагын удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцож байгаа нь мэдээлэл солилцох, улмаар асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн үр дүнтэй гэж үзэж байна. Бид цаашид энэ жишгээр хөдөө, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал, бодлыг нь сонсоно. Мөн эрүүл мэндийн салбарыг дэмжих, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоолоор Ажлын хэсэг байгуулж ажиллана гэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай санал солилцлоо  
Үзсэн: 1272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй