Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв

2020-11-17 19:56:17

Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 16-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Ерөнхий Ассамблейн бүгд хуралдаан болж өнгөрөв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир бүгд хуралдааны нээлтэд хэлсэн үгэндээ “Дэлхий нийтэд нүүрлээд буй КОВИД-19 цар тахал, түүний улмаас НҮБ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны цар хүрээг харвал Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн хэрэгцээ, шаардлага бодитой оршсон хэвээр байна. Гамшиг, хямрал аливаа бүхнийг үр дүнтэй даван туулах чадвартай баймааж НҮБ үндсэн зорилгоо улам сайн биелүүлэх юм” гэжээ.

Эл хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, манай улсын байр суурийг илэрхийлэв. Тэрээр хэлсэн үгэндээ 1945 онд НҮБ байгуулагдсанаас хойших 75 жилийн хугацаанд дэлхий дахинд асар их өөрчлөлт гарсан тул улс төр, геополитикийн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудын дагуу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг бүх гишүүн улсын оролцоог тэгш хангасан, ил тод байдлаар өрнүүлж, урагшуулах нь зүйтэй гэж цохон тэмдэглэсэн.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ нь уламжлал ёссор Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы турш үргэлжлэх бөгөөд 2021 оны яриа хэлэлцээг Польш Улсын Байнгын төлөөлөгч Жоанна Вронецка, Катар Улсын Байнгын төлөөлөгч Аля Ахмед Сайф Аль-Тхани нар хамтран даргалах ажээ.


НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй