Шууд Chart

Ялсан З.Ойдов мөнгө, ялагдсан Ян алт...

2020-11-23 13:37:09

Монгол зон олон “Монреаль-1976” наадмаас олимпын анхны аварга төрнө хэмээн бат итгэж, 1974, 1975 оны дэлхийн хошой аварга Зэвгийн Ойдовын алтан медаль зүүхийг л тэсэн ядан хүлээж байсан цаг.

Гэтэл тэрбээр эхний тойрогт АНУ-ын бөх Жин Дэвист 8:15 ялагдаж, бөөн сенсаац дэгдэх нь тэр ээ!

Яг дөрвөн жилийн өмнө “Мюнхен-1972” олимпын наадмын нэгдүгээр тойрогт 23 настайдаа энэ америкт цэвэр ялагдаж байсан гунигт түүх давтагдсан нь харамсалтай. Эхний даваанд бүдэрсэн Ойдов гуай финалын замд таарсан М.Фодор (Унгар), Т.Туло (Франц), Х.Штрумпф (БНАГУ), И.Янков (Болгар), М.Фарахфаши (Иран) нарын дэлхийн томчуудыг цувруулан цэвэр яллаа.

Харин түүнтэй шигшээд барилдах Өмнөд Солонгосын бөх Ян Жан-Мо нь өнөөх америкийг далаар нь нам дарсан тул манай бөх түүнийг цэвэр ялах эсвэл онооны давуугаар хожиж байж гэмээ нь 62 кг-ийн жинд шагналын тавцангийн хамгийн дээр нь хөл тавих хүнд даалгавартай тулгарсан юм.

"Хүсэхэд хясна" гэгчээр дэлхийн хошой аварга З.Ойдов нь Гуулин улсын бөхийг 10:8 ялсан ч Ян Жан-Мо нь БНСУ-ын түүхэн дэх хамгийн анхны олимпын аварга цол хүртлээ.

Өдгөө 67 настай Бусан хотын оршин суугч, олимпын анхны домогт аварга, даруу төлөв Ян овогт нь өөрийн клубээ ажиллуулж, БНСУ-ын засгийн газраас түүний түүхэн гавъяаг өндрөөр үнэлэн үүрд бэлэглэсэн түүний нэрэмжит спортын тансаг ордондоо тамирчидтайгаа шуугилдан буй сурагтай.

Үүнээс хойш солонгосчууд хаана л бол хаана тааралдах үедээ хоёрхон сэдвээр ярьдаг байж билээ. Эхлээд Чингис хаан, дараа нь Ойдопп (Oйдовын cолонгос дуудлага). Далаад оны дүрмээр финалд өрсөлдөгчөө ялсан атлаа мөнгөн медаль дээр буусан Ойдов гуай дараа жил нь гандан буурахгүйгээр “Лозанн-1977” дэлхийн аваргаас хүрэл медалийг хөнгөхөн зулгаасан хүн дээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимп дэлхийн дөрвөн медальт Зэвгийн Ойдов өдгөө нас сүүдэр 71 (1949.05.25, Өвөрхангай) хүрсэн ч ануухан гялалзсаар явна.









Нийтэлсэн: У.Баярсайхан

Ялсан З.Ойдов мөнгө, ялагдсан Ян алт...  
Үзсэн: 2421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй