Шууд Chart

Ч.Идэрчулуун: Би аавынхаа шавийнх нь шавь

2014-04-25 10:26:19

 Монголын үндэсний олон нийтийн радиогийн 80 жил тохиож байгаатай холбогдуулан МҮОНР-ийн нэвтрүүлэгч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Идэрчулуунтай ярилцлаа.

 -Радиогийн 80 жилийн ой энэ жил тохиож байна. Танд баяр хүргэе?

-Баярлалаа. Ойгоо тэмдэглэж ирэх тавдугаар сарын нэгэнд UB паласийн концертийн их танхимд ойн тоглолт болно. Тоглолтод манай радио, телевизийн бүх уран бүтээлчид оролцоно. Үе үеийн сайхан уран бүтээлчдийн сэтгэлд хоногшсон сайхан дуунууд дуулагдах юм.

 -Монголын ард түмэнд дуу хоолой нь танил болсон хүмүүс оролцох уу?
-Энэ тоглолтод миний аав СГЗ.Г.Чулуунбат, Д.Билэгээ, алтан үеийнхэн гэж алдаршсан уран бүтээлчид оролцоно. Тэд тоглолтыг нээж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох юм. Мөн радио, телевизийн бүх хөтлөгч нэвтрүүлэгчид оролцож тайзан дээрээс ард түмэнтэйгээ учран золгоно. Энэ бүхнийг санаачлан зохион байгуулж байгаа Ц.Цэрэн-Очир дарга, Б.Баярсайхан дарга нартаа их баярлаж байна. Энэ дашрамд радио, телевизийн ажилчин, уран бүтээлч, нэвтрүүлэгч нартаа 80 жилийн ойн баярын мэнд хүргэе.
 
-Таны аав бас насаараа нэвтрүүлэгч хийж яваа сайхан эрхэм байдаг ?
-Тийм ээ. Өглөө бүр аавын минь дуу хоолой “Монголын радио ярьж байна” гээд л сонсогч түмэнд хүрдэг. Ард түмний сэтгэлд хоногшсон сайхан дуу хоолойтой бас олон сайхан нэвтрүүлэг уншиж, төрийн наадмыг хөтлөдөг сайхан хоолойг өвлүүлэн авч хичээж явдагтаа би баяртай байдаг. Аавынхаа тухай ярихад миний аав радиогийнхоо 80 жилийн ойтой золгож байна. Энэ их түүхэн он тоололд олон сайхан нэвтрүүлгүүд бүтээж алтан фондод үлдээжээ. Мөн радиогийн алтан фондыг сонсоход аавын минь хоолой эгшиглэдэг. Тэр нь их сайхан санагддаг. Би ер нь бол аавынхаа шавийнх нь шавь. Миний аавын анх хэрэглэж байсан тэр ширээг манай багш хэрэглэж байсан бол би одоо тэр ширээг нь өвлөж авчихаад хэрэглэж байна. Энэ их сайхан зүйл л дээ. Ер нь үе дараалсан багш, үе дамжсаннэвтрүүлэгч нар их бий шүү.
 
-Та нэвтрүүлэгчээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Энэ байгууллагад би 20 гаруй жил ажиллаж байна. За тэгээд хажуугаар нь Улаанбаатар телевиз, гээд л зарим нэг телевизүүдэд нэвтрүүлэгчээр ажиллаж байсан. Ааваасаа уламжлан авсан хоолойгоороо 2000 оноосхойш рекламны орон зайд ажиллаж байна. Миний уншсан томоохон рекламууд гэвэл “Түмэн хишигтэн”, “Бүх утасны операторууд”, “Хаан банк”, “Голомт банк” байна. Ер нь тэгээд томоохон брэндүүд дээр л миний хоолой тохирдог юм даа.
 
-Радиогийн нэвтрүүлэгч болох таны багын мөрөөдөл үү?
-Би анх аравдугаар анги төгсөөд зураач болно гэж боддог байлаа. Зурах дуртай, бас хөгжим тоглодог байсан л даа. Тухайн үед цагдан сэргийлэх байгууллагын ажилтан эрүүгийн төлөөлөгч болно гэж хүссэн. Гэхдээ би тэр бодолдоо хүрсэн шүү. Аравдугаар ангиа төгсөөд хилийн цэрэгт алба хаагаад цэргээс ирээд хилийн цэргийн ангид ажиллаж байсан. Халх голд алба хаасан. Тэгээд Сүхбаатар дүүргийн хэлтэст орсноор хуулийн байгууллагад ажилласан юм. Олон ч жил ажилласан. Гүйцэтгэх ажилтнаас эхлээд л эрүүгийн төлөөлөгч хүртэл явсан. Цагдаагийн ажил ямар байдгийг мэднэ дээ.
Одоо үеийг бодоход тэр үед нийгэм тайван байсан ч гэхдээ л бас гэмт хэрэг хүнд байсан үе л дээ. Тэгээд л аав минь Москва радиод нэвтрүүлэгчээр ажиллахаар хоёр дахь жилдээ явсан.Тэр үеэс л би аавынхаа мэргэжлийг эзэмшиж эхэлсэн.
 
-Энэ сайхан хоолой цаашид удам дамжина байх шүү?
-Тиймээ. Манай дүү бас нэвтрүүлэгч залуу бий. Дүү минь Улаабаатар телевизид нэврүүлэгчээр ажиллаж байсан. Одоо Монголд шууданд концерт мистерээр ажиллаж байгаа хэдий ч хажуугаар нь нэвтрүүлэгчийнхээ ажлыг хийж л явдаг. Манай аавын дүү Г.Хатанболд гэдэг хүн нэвтрүүлэгч болж байгаа. Манай ээжийн дүүгийнх нь хүүхэд бас нэвтрүүлэгчээр ажилладаг. Тэд нар нэг нь “TV 9”, нөгөө нь Шуурхайд ажилладаг. Ер нь бол удмаараа л нэвтрүүлэгчээр ажиллаж байна даа.
 
-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
-Нэвтрүүлэгч байх сайхан. Тэр их хязгааргүй орон зайд ард түмэнтэйгээ уран бүтээл дуу хоолойгоороо уулзаж байгаа нь бахархал. Гэсэн ч хүнд хэцүү үе байдаг л даа. Тэр бүхний ард гарах л сэтгэл бахдам сайхан мөч. Хөдөө орон нутагт явахад намайг таньдаг хүмүүс их байдаг. Өө та кинонд дуу оруулдаг билүү, зар сурталчилгаа уншдаг билүү гэж асууна. Тийм ээ гэхээр та уран бүтээлээсээ уншаач гэдэг. Хүмүүсийн хүсэлтээр уншихад “Өө яг мөн байна. Яг телевиз үзэж байгаа юм шиг санагдчихлаа” гэдэг.
 
-Залуу уран бүтээлч, нэвтрүүлэгч дүү нартаа юу гэж хэлдэг вэ?
-Ер нь бол одоо олонсайхан залуучууд орж ирдэг л дээ. Тэднийгээ бас сайн нэвтрүүлэгч,  хөтлөгч байгаасай гэж боддог. Одоо үед арилжааны телевиз, радио олон байна. Харин тэнд ажилладаг хөтлөгч, нэвтрүүлэгчид илүү боловсронгуй болоод хөгжиж, суралцаасай гэж хүсдэг. Жишээ нь, гадаад мэдээ уншихад түүнийхээ төгсгөлийг буруу хэлэх юм, үгийг буруу хэлэх юм, зарим нь уншиж байгаа юм аа ойлгохгүй хэлэх юм дүү нар минь эфирт гоё л сонсогдох гэдэг өнцгөөс хараад байх юм. Гэтэл  туршлагатай нэвтрүүлэгч нарыг сонсоход Оросын нэвтрүүлэгчид шиг их сайн уншдаг. Ер нь радиогийн хэллэг гэж байдаг л даа. Энэ хэллэг школыг дамжиж байж сайн нэвтрүүлэгч болдог юм.
 
-Анх нэвтрүүлэгч болохдоо шантрах үе байв уу?
-Манай ахмад нэвтрүүлэгч Б.Баатар гуай, С.Бүргэд гуай гээд мундаг нэвтрүүлэгч, найруулагчдадаа загнуулалгүй л яахав дээ. Нэг нэвтрүүлэг унших гэж бүтэн цаг болно шүү дээ. Бидэнд анхандаа уйлах, шантрах үе байсаан байсан.Б.Цэвэлмаа, Г.Амаржаргалан бид нэг үеийн нэвтрүүлэгчид болж байсан юм.
 
-Зар сурталчилгаа уншихад та хэр үнэрхдэг вэ?
-Би одоогоор 200 гаруй студи, продакшинтай хамтарч ажиллаж байна. Телевизээр цацагддаг ихэнх рекламыг үйлдвэрлэсээр байна. Энэ бүхнийг аав минь зааж байсан нь үнэн. Би их үнэрхээд байдаггүй л дээ. Аливааг хийх бүтээх сэтгэлтэй байх хэрэгтэй л гэж боддог.
 
-Удам дамжсан сайхан хоолой таны хүүд бас өвлөгдсөн үү?
-Манай хүү одоо аравдугаар анги. Бас л нэвтрүүлэгч болно гээд байгаа. Аав бид хоёрын хоолой ялгагдаад байдаггүй. Яг нэг хүн уншсан юм шиг сонсогддог. “Монгол тулгатны 100 эрхэм” төсөлд хамтарч ажиллах санал ирж байсан. Их нэр хүндтэй санал л даа. Одоо ард түмэнд танигдаад хүн бүрийн мэддэг нэвтрүүлэг болжээ. Хүмүүс ч их үзэж байна. Энэ төслийн сэдлийг санаачилсан хүн бол түүхч Л.Алтангэрэл гэдэг залуу бий. Их оюунлиг, мэдлэг боловсролтой залуу л даа. Би түүгээр их бахархдаг.
 
-Анх Монголын радио хэмээх их айлын босгоор алхан орж ирсэн үеэ дурсаач?
-Би анх 1991 онд Монголын Радиогийн нэвтрүүлэгч Б.Цэвэлмээ, Г.Амаржаргалан, Ш.Бямбацогт нартай хамт энэ их айлын босгыг давж байсан юм. Бид алтан үеийн нэр хүндтэй нэвтрүүлэгчдийг дөрвөн жил дагалдаж ажилласан. Ингэж байж л энэ их айлын гишүүн болж, нэвтрүүлэгч болсон юм. Тэр цагаас хойш хорь гаруй жил өнгөрсөн байна. Одоо бодоход тэр үед их сайхан байж дээ. Радиогийн босго асар өндөр байсан шүү.
 
-Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?
-Ер нь амьдрал дээр онолоос илүүтэй практик голчилдог гэдгийг ойлгосон. Эфирт гараад л бүхнийг суралцсан. Ингээд МҮОНР-ийн бүх уран бүтээлчдэдээ 80 жилийн ойн мэнд хүргэе. Уран бүтээлийн өдөр амжилт хүсье. Харин Монголын радиогийн сонсогчид, танай сайтын уншигчдад цаашид би та бүхэндээ олон сайхан нэвтрүүлэг, уран бүтээлээ хүргэх болно гэж хэлье.
 
-Баярлалаа.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ч.Идэрчулуун: Би аавынхаа шавийнх нь шавь  
Үзсэн: 11739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-04-26 22:04
aragguyiee chyyka gawiayt in huu adilxan dygardag shuu goe goe reklam ynshij sianch arga xemjee hotoldogiig mednee duu ounbat ni bas newtruulegch baisan baixaa amjilt xusie olon reklam newruuleguud ynshij ogooreee
49.0.132.xxx [49.0.132.xxx] 2014-04-25 16:43
идэрээ ахын хоолой үнэндээ брэнд дийлцэн хойлой ш тэ байнга явж байна
49.0.132.xxx [49.0.132.xxx] 2014-04-25 12:32
идэрээ ах гэр бүлээрээ арггүй удам дамжисан брэнд дуу хоолой цаашидийхан уран бүтээлд амжилт хүсье
49.0.132.xxx [49.0.132.xxx] 2014-04-25 12:21
Хүмүүс ч их үзэж байна. Энэ төслийн сэдлийг санаачилсан хүн бол түүхч Л.Алтангэрэл гэдэг залуу бий. Их оюунлиг, мэдлэг боловсролтой залуу л даа. Би түүгээр их бахархдаг.
49.0.132.xxx [49.0.132.xxx] 2014-04-25 12:21
идэрээ ахад амжилт гэр бүлээрээ тв радиод хүчин зүтгэж байна
49.0.132.xxx [49.0.132.xxx] 2014-04-25 12:20
брэнд дуу хоолой

Бидэнтэй нэгдээрэй