![](/uploads/202011/news/thumb/986c68d2a3e74e49ee316e784498b74c_x3.jpg)
Монгол Улсын Биет бус соёлын өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд бүртгэгдсэн долоон ай, 279 өв, яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн Үндэсний бүртгэлд бүртгэгдсэн долоон ай, 83 өвийг 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд А/759 дугаар Сайдын тушаалаар шинэчлэн бүртгэсэн билээ.
Тус соёлын өвүүдийг иргэд, олон нийт тэр дундаа хүүхэд залуучуудад сурталчлан таниулах үүднээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас "Монгол өв соёлын гайхамшиг" хэмээх долоон цуврал нэвтрүүлгийг Соёлын өвийн үндэсний төв, МҮОНТ, “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-тай хамтран бүтээж үзэгчдэд хүргэж байна.
“Монгол өв соёлын гайхамшиг" хэмээх тус цуврал нэвтрүүлгийн анхны дугаар буюу аман аялгуу, монгол бичиг, монгол уран бичлэг, үлгэр, домог, ерөөл, магтаал, хэлц үг зэрэг 49 өвийн талаар үзүүлэх "Эх хэл, аман уламжлал"-ын тухай нэвтрүүлгийг эрхэм танд хүргэж байна.
Энэ дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлалаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа” гэж заасан байдаг. Тэрбээр соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга болж амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл болж байдаг бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний соёл иргэншлийн аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг чухал хүчин зүйл мөн учир түүнийг тал бүрээр хадгалж хамгаалах нь эдүгээ хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг болж XXI зууны эхнээс энэ үйл хэрэгт дэлхий нийтээр онцгойлон анхаарлаа хандуулах болсон билээ.
Соёлын биет бус өвийг сурталчилсан нэвтрүүлэг үзэгчдэд хүрч байна | ||
Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.