![](/uploads/202011/news/thumb/12accb9bcfa2e175181635d4ceffc60b_x3.jpg)
Монголын бурхан шашны тэргүүн, Тавдугаар Богд Жибзундамба хутагт Лувсанчүлтэмжигмид /1815-1825/ бол Монголчуудын дунд алдаршиж үеэс үед ам дамжин яригдаж ирсэн эрхэм хүмүн байжээ. Түүний өмсөж байсан хэмээх дээрх гутал Монголын Үндэсний музейд хадгалагдаж байдаг. Төдий л олон хүн мэдэхгүй ховор сонирхолтой эл үзмэрийг Сан хөмрөгч Б.Ууганбаярын судалгаагаар та бүхэнд толилуулж байна.
Энэ гутал нь хүрэн өнгийн савхиар эмжиж ногоон савхиар угалз хээ үйлдэж чимэглэсэн улаан өнгийн савхин түрийтэй, шагай зулаг, хушуу хоншоорыг шар, хар, улаан, ногоон өнгийн савхи, арьсаар хээлж чимэглэн урласан байна.
Доод хэсэгтээ улаан, цагаан өнгийн утсаар туузлан хошмоглосон хөх өнгийн хилэн хараа бүхий луун хээтэй шар торгон хөвөнтэй оймстой аж. Гутлын ул нь ширмэл эсгий бөгөөд нэлээд элэгджээ. Гутлын өндөр нь 32 см, улны өргөн 8 см, улны урт 21 см байна.
Өнгөц харахад буриад гуталтай нилээд төслөг, баахан өмсөж элээсэн байртай энэхүү гутлыг Улсын төв музейн сан хөмрөгт тэртээ 1979 онд авчээ. “Улсын төв музейн фондод Октябрийн районы 23-р хороонд оршин суугч Самбуугийн Цэрэнпагмаас ирүүлсэн гутал. V Богдын хэрэглэж байсан, хүрэн, хар савхин тоногтой, ширмэл ултай хуучин, зарим газраа урагдаж элэгдсэн. Худалдан авсан үнэ 300 төгрөг. Фондын үнэ 600 төгрөг” гэсэн баримт л бидэнд үлджээ.
Тухайн үеийн Музейн Удирдах газрын 1979 оны гуравдугаар сарын хурлын тэмдэглэл “Намын түүхийн институтын эрдэм шинжилгээний ажилтан О.Пүрэвийн сурвалжилжлан олж, цуглуулж ирсэн Аварзэд гэгч хүний хадгалж байсан V Богдын өрөөсөн гутлыг Богд хааны ордон музейд шилжүүлсэн” архивын баримт байна. Богдын ордон музейн сан хөмрөгт буй эл гутлын түүх намтрыг судлан тодруулах шаардлагатай байгааг тус музейн ажилтан Д.Алтаннавч тодотгосон байна. V Богдын гутал хэмээн тэмдэглэсэн хоёр ч гутлын талаар цухас өгүүлбээс ийм буюу.
Мэдээллийг МҮМ-ээс 2015 онд эрхлэн хэвлүүлсэн “Монгол улс 1911-1921 Шилдэг үзмэрийн дээжис” каталог номын 28-29-р талд буй “Богд Жибзундамбын гэгдэх гутал” өгүүллээс товчлон авав.
Тавдугаар Богд Жибзундамба хутагт Лувсанчүлтэмжигмидын гутал | ||
Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.