Шууд Chart

Спорт, олимпын хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн оролцоо

2020-11-26 10:54:05

 

Орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүсэн хөгжиж эхэлсэн үеэс спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо нь эерэг хандлагаруу түлхүү чиглэгдэх болсон. “Афин-1896” анхдугаар олимпын наадамд Грекийн эмэгтэй гүйгч Стамата Ревити марафоны төрөлд өрсөлдсөн нь орчин үеийн олимпын наадамд оролцсон анхны эмэгтэй тамирчин хэмээн түүхэн хуудаснаа тэмдэглэгджээ.

Олимпын хартийн үндсэн зарчмын зургадугаарт “Хувь хүн болон тухайн улсыг арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төр зэрэг аливаа байдлаар ялгаварлан гадуурхах нь олимпын хөдөлгөөнд үл нийцнэ” хэмээн заасан байдаг.

Хэдий тус олимпын наадамд эмэгтэйчүүдийн оролцоог хориглосон ч Ревити гараанаас гарч хурд хүчээ сорин эрэгтэй тамирчидтай өрсөлдсөөр уралдааныг 5 цаг 30 минутын хугацаагаар дуусгасныг гэрч, шүүгч нар гарын үсгээрээ баталгаажуулсан байна.

Гэхдээ түүнийг олимпын төв цэнгэлдэх Панатинаикод нэвтрэхийг хориглосон юм. Улмаар тэрээр Грекийн олимпын хороонд хандаж өөрийн амжилтыг албан ёсоор тооцуулахыг хүссэн боловч тухайн үед энэхүү асуудлыг хэрхэн шийдсэн тухай одоог хүртэл тодорхойгүй ажээ.

Зарим судлаач Ревитигээс гадна Мелпомене хэмээх хоёр дахь эмэгтэй "Афин-1896" олимпын марафоны төрөлд оролцсон хэмээн үзэх нь ч байдаг. Энэхүү асуудлын хүрээнд олимпын түүхчид Ревити болон Мелпомене хоёр нь нэг хүн эсэх талаар санал нэгдээгүй мэтгэлцсээр байна.

Олон улсын олимпын хороо нь спорт, олимпын хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү дэмжсээр иржээ. Эмэгтэй тамирчдын албан ёсны олимпын наадам дахь оролцоо нь “Парис-1900” II олимпын наадмаас эхэлсэн түүхтэй.

Олимпын наадамд эмэгтэйчүүдийг чөлөөтэй оролцуулах Пьер де Кубертины санаачлал хэдий эсэргүүцэлтэй тулгарч байсан ч Парисын олимпын наадамд оролцсон 997 тамирчны 22 нь эмэгтэй байсан бөгөөд тэд газрын теннис, дарвуулт завь, модон бөмбөг /крокет/, морин спорт, гольф зэрэг таван төрлийн спортоор өрсөлджээ. 

Энэ үед боксын спорт олимпын хөтөлбөрт багтсанаар эмэгтэйчүүдийн боксын төрөл байх эсэх асуудал хөндөгджээ. Гэвч ОУОХ-ноос бокс нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэж, эмэгтэй боксын төрлийг олимпын наадмаас хассан байна. 
“Лондон-1908” олимпын наадмаас эхлэн эмэгтэй тамирчид байт харваа, хөнгөн атлетик зэрэг төрөлд өрсөлдөх болжээ. Гэхдээ, хөнгөн атлетикийн марафоны төрөлд эмэгтэйчүүд өрсөлдөх чадваргүй хэмээн үздэг байснаас шалтгаалан “Лос-Анжелес-1984” олимпын наадмаас анхлан эмэгтэй марафончид олимпын тавцанд мөрөө үлдээж эхэлсэн байна. 

Харин 1970-аад оноос хойш олимпын наадам дахь эмэгтэйчүүдийн оролцоо түлхүү нэмэгджээ.

Олимпын наадамд өрсөлдөж буй тамирчдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзлэх болсон бөгөөд ОУОХ нь эмэгтэйчүүдэд зориулсан арга хэмжээг олимпын хөтөлбөрт үргэлжлүүлэн нэмсээр байна. 1991 оноос эхлэн олимпын хөтөлбөрт шинээр нэмэгдэх спортын бүх төрөлд эмэгтэйчүүдийн ангиллыг багтаах ёстой болжээ.

Францын Шамони хотноо 1924 онд зохиогдсон өвлийн анхдугаар олимпын наадмын үеэр цанын үсрэлтийн төрөлд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөж байсан бол түүнээс хойш 90 жилийн дараа “Сочи-2014” олимпын наадмаас эхлэн эмэгтэйчүүдийн тус төрөл нь албан ёсоор олимпын хөтөлбөрт багтсан байна. 

Өвлийн анхдугаар олимпын эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд Норвегийн Соня Хени нь арван долоон настайдаа оролцон сүүлийн байрт орсон ч хөгжөөн дэмжигчдийн дунд алдаршиж, дараагийн гурван олимпын аварга болсон түүхтэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спорт, олимпын хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн оролцоо  
Үзсэн: 3239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй