
Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Долоо хоногийн эхээр цаг агаар харьцангуй дулаан байв. Нурууны мэс засал хийлгэхээр Япон улсыг зориод байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илааршаад эх орондоо ирлээ. Төрийн тэргүүн эргэж ирмэгцээ үүрэгт ажилдаа орж, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Бүгд Найрамдах өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний III ээлжийн цэргийн багийн захирагч хурандаа Б.Эрдэнэбаттай утсаар холбоо барин тухайн газар оронд үүссэн цагийн байдал, цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийн талаарх илтгэлийг сонсов. Тэрээр цагийн байдлын хүнд нөхцөлд үүргээ чадамгай гүйцэтгэж, 2014 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус улсын Юнити мужийн Бентью хотын ойролцоох газрын тос олборлох үйлдвэр зэвсэгт халдлагад өртсөний улмаас шархадсан ОХУ, Украйн, Кени, Өмнөд Суданы 10 иргэний амь насыг аюултай байдлаас аварч, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, аюулгүй газарт татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргэж, цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүний төлөөлөгчид Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Мандах, Өргөн сумдад босч буй “МАК” ХК-ийн хийт бетон, цемент болон зэс молибдений, “Гермес гахиур” ХХК-ийн цементийн, “Монполимет” группийн цементийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Дэд бүтэц илүү хөгжсөн, ашигт малтмалын нөөц баялагтай дорнын говь ойрын ирээдүйд барилгын материалын болон уул уурхайн түүхий эдийн боловсруулах үйлдвэрийн томоохон зангилаа төв болох юм. Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр эхлүүлээд байгаа дээрх үйлдвэрийн төсөлд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байгааг компанийн удирдлагууд хэллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар бүтээн байгуулалтад нэн чухал шаардлагатай барилгын материалын болон экспортыг дэмжих үйлдвэрүүдийг дэмжихэд бэлэн. Өмнө нь олон удаа уулзаж ярилцсан ажлуудыг газар дээр нь харж, бүтээн байгуулалтынх нь явц байдалтай танилцсанаар дараагийн шийдвэрүүдийг удахгүй гаргана” гэлээ.
“Азийн цагаан дагина” нэртэй хогны ногоон уут тараах ажил нь нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа. Иргэд энэ уутыг олноор үйлдвэрлэж тараах нь үргүй зардал гаргаж байна гэж үзсэн учраас хотын захиргаанаас санал асуулга явуулж цаашид тараах эсэх асуудлыг шийдэхээр болоод байсан юм. Тус санал асуулгын шийдвэр өнгөрөгч долоо хоногт гарлаа. Санал асуулгад оролцсон нийслэлийн иргэдийн 60.4 хувь нь буюу 20789 өрхийн төлөөлөл хогны уутыг үргэлжлүүлэн тараахыг дэмжсэн бол, 39.6 хувь нь буюу 13645 өрхийн төлөөлөл үгүй гэсэн хариултыг өгсөн гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Гэсэн ч зарим хүн энэ санал асуулгын дүнд сэтгэл хангалуун биш хэвээр байна. Ногоон уутны талаарх шүүмжлэл өнөө ч цахим ертөнцөөр хөвөрсөөр буй.
Сүүлийн хэдэн жил нийслэлд амьдарч байгаа иргэдийг хамгийн ихээр айлгадаг нэг зүйл бол барилгаас төмөр унах явдал болоод байна. Өнгөрөгч долоо хоногт ч ийм хэрэг гарлаа. Модны II-ын зам дагуу байрлах "Аморе" зочид буудлын өргөтгөлийн барилгаас төмөр унаж найман настай охиныг гэмтээсэн хэрэг пүрэв гарагт гарав. Охин тархиндаа гэмтэл авсан байна. Түүнийг яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж эхлээд байна. Баянзүрх дүүргийн нутаг "Зохиомж" дээд сургуулийн хажууд байрлах гараашийн дээвэр нурж ойролцоо зогсож байсан дөрвөн машиныг дарсан хэрэг мөн долоо хоногт гарлаа. Уг ослоор хүний амь нас хохироогүй, бэртээгүй. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Метромалл их дэлгүүрийн хажууд байрлах Чингис шөнийн цэнгээний газрын хана нурсан хэрэг гарсан. Нурсан хананд 50 настай Э дарагдан хүнд гэмтсэн юм. Урин цагт барилгын ажлаас үүдэлтэй ийм төрлийн хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс баригдаж буй барилгын ойролцоо явахдаа анхаарал болгоомжтой байхыг нийт иргэддээ анхааруулъя. Мөн хүчтэй салхи шуургатай өдөр самбар, байшингийн дээвэр хуурах зэрэг эрсдэлтэй учир болгоомжлоорой.
Микро автобусны явах зарим чиглэлийг өнгөрсөн долоо хоногт өөрчиллөө. Бага оврын автобусууд замын хөдөлгөөнд түгжрэл ихээр үүсгэдэг тул хотын төвд тооцогдох гол гудамж, замуудад явдаг хөдөлгөөнүүдийг ийн хязгаарлах болсон байна. Тодруулбал, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхасын баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурын гудамжны уулзвар хүртэл, Ногоон нуурын гудамжнаас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх, зүүнээс баруун чиглэлийн замуудад микро автобус зорчихоо болилоо. Хязгаарлалт хийсэн чиглэлүүдэд том оврын автобус явуулахаар төлөвлөсөн гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын сүлжээ төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн н.Цэцэгмаа ярилаа. Микро автобусны зарим чиглэлийг өөрчилсөн нь эсэргүүцэлтэй тулгараад байна. Өнгөрөгч баасан гарагт Эрх чөлөөний талбайд микротой жагсаал боллоо.
Хаврын хуурайшилтын улиралд гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг. Тиймээс холбогдох байгууллагуудаас ард иргэддээ байнга сэрэмжтэй байхыг анхааруулдаг билээ. Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны барилгад гал гарч оршин суугчдын сандаргалаа. 100 айлын уулзварын хойно байрлах “Одкон Холдинг” ХХК-ийн байрны дэргэдэх 79 дүгээр орон сууцанд гарсан галын улмаас азаар хүний амь нас болон биед хохирол, гэмтэл учраагүй. Арванхоёр давхар тус орон сууцны барилгын 6-8 давхрын айлууд галд өртсөн харамсалтай мэдээ байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Дээд шүүх Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж халдсан тухай хэргийг хэлэлцэж өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тодруулбал, Ц.Нямдорж гишүүнийг Х.Баттулга гишүүнээс уучлалт гуйхыг шүүхээс даалгав. Хэрэг явдлыг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан гэж мэдэгдсэн. Х.Баттулга гишүүн энэ мэдээлэл нь гүтгэлгийн чанартай гээд нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд хандаад байсан билээ.
Пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн чуулган тарсны дараа Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдлаа. Хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн олонх нь огцруулахыг дэмжжээ. Баасан гарагт уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ. Үүнд, “Зорчигч тээврийн “Сэвөлхо” хөлөг онгоц осолдож, олон хүн, түүний дотор сурагч хүүхдүүд нэн золгүйгээр амиа алдаж, нөхөж баршгүй гарз хохирол учирсанд Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа осолдогсдын гэр бүлд, Солонгосын нийт ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн байна.
Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр нийт нутгаар сэрүүсч, зарим газар нойтон цас орлоо. Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд, Уйлган, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө болон Сэлэнгэ мөрөн Орхон голын сав дагууд 6-20 см цастай байгаа аж. Ирэх өдрүүдэд цаг агаар огцом дулаарахтай уялдан хаврын шар усны үер болох нөхцөл бүрдэх тул Ус судлалын сектороос дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжлохыг анхаарууллаа.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.