Уншигч та бүхнийг энэ удаа Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатартай уулзуулж байна. Энэ жил хэдийгээр “Ковид-19” цар тахал дэлхий дахинаа дэгдээд байгаа тул шинэ жилийн баярыг олон улс даяар тэмдэглэхгүй байхаар болоод байгаа. Гэхдээ хуучин он улирч, шинэ он ирдэг нь жам билээ. Иймд түүнтэй хүүхэд насных нь шинэ жил болон хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.
-Тун удахгүй 2021 он айлчилна. Та энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Юуны өмнө уншигчидтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Монголчууддаа удахгүй айлчлан ирэх шинэ оны мэнд хүргэе. Миний хувьд 2020 онд олон онцлог үйл явдал тохиож, олон ажлын эхлэл ч тавигдсан. Би энэ баярыг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэдэг. Хүүхдүүдтэйгээ оргилуун дарс задалж, амтат бялуу хувааж идээд өнгөрдөг. Хамгийн гол нь энэ баярыг хүүхдүүд маань хүсэн хүлээдэг болохоор аль болох их баярлуулахыг боддог доо. Том охин маань орос сургуульд сурдаг ч урлагт их дуртай. Бага нь ч ялгаагүй. Сонирхлынх нь дагуу Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурийн ангид оруулсан юм. Он солигдохоос өмнө эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ бага зэрэг тоглолтын номер бэлтгэж дуулж, бүжиглэдэг. Аав, ээж хоёр нь охиддоо үргэлж цаг гаргаж чаддаггүй болохоор хамт дуулах их дуртай.
-Таны багад шинэ жил ямар болдог байсан бэ?
-Надад жил бүрийн шинэ жил, наадам сайхан болж үлдсэн. Бага байхад алим, жүрж ховор байсан. Арванхоёрдугаар сар гарангуут "Шинэ жил болох нь эдгээр жимсийг идэх нь" гэж бодохоор бараг нойр хүрдэггүй байлаа. Гацуур модоо чимэглэх гэж их л догдолдог байж билээ. Тэр үед одоогийнх шиг хиймэл гацуур байгаагүй тул ойн хамгаалагчаас зөвшөөрөл авч уулнаас ориг гацуур чаргаар авч ирж, гэрийнхээ хойморт зална. Гялгар, гоёмсог чимэглэл байдаггүй байсан болохоор өнгийн цаасаар элдэв янзын амьтны дүрс хайчилж өлгөдөг байсан. Мөчир дээр нь хөвөн наана. Цас тогтсон мэт харагдуулах гэж тэр л дээ.
-Өвлийн өвгөнөөс бэлэг их авдаг байв уу?
-Айлд өвлийн өвгөн нэг их ирдэггүй байсан. Харин цэцэрлэг, сургуульд жил бүр ирнэ. Тэр болгонд л бэлэг авна шүү дээ.
-Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг л байсан биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. “Энэ өвгөн хаанаас, юугаар ирдэг юм бол” гэж их бодно. Цэцэрлэгт байхад багш биднийг нэг ангид оруулаад "Өвлийн өвгөн аав ирэх гэж байна. Томоотой суугаарай. Үймүүлдэг хүүхдэд бэлэг өгдөггүй юм шүү" гэхээр нь томоотой нь аргагүй сууна. Нэрсийн дарааллаар дуудаад бэлэг өгөхөөр нь нэрээ сонсохгүй өнгөрөөчих вий гэж бодоод аль болох чих тавина. Ингэж, ингэж бэлгээ авсныхаа дараа нимгэн трико өмссөн цасан охидыг нь хараад "Даардаггүй юм байх даа. Цасан охид юм чинь арга ч үгүй байлгүй дээ. Харин чаргаар ирдэг гэсэн. Морь, бугын алийг нь хөлөглөж ирдэг юм бол" гээд л бодно шүү дээ.
-Шинэ жилийн үеэр хөгжилтэй зүйл олон тохиолддог. Та өөрт тохиолдсоноо сонирхуулаач?
-Цэцэрлэгт байхад аав минь нэг удаа ангийн шинэ жилд оролцохдоо хатуулгатай цаасаар баатрын хувцас хийж өгч, бэлэг болгож билээ. Тэр жилийнх бол надад сүүлийн хэдэн жил тохиогоогүй сайхан шинэ жил байсан. Тэр оны шинэ жилийн баяр өнгөрөхөөр хувцсаа ангийнхаа толины ард хадгалж байгаад дараа жилийн шинэ жилээр өмсөх гэтэл багтдаггүй. Миний уурлах, уйлах гэж жигтэйхэн. Гэртээ уруу царайлсан амьтан иртэл аав "Миний хүү яагаад уурлачихав" гэв. Учраа хэлтэл "Үүнд уурлах юу байх вэ. Аавдаа зүгээр л хэлчихгүй. Дахиад хийгээд өгье" гээд шөнөжин сууж байгаад өмнөхөөсөө гоёор сэлэмтэйг хийж өгсөн. Гэвч миний сэтгэлд өмнөх нь илүү үлдсэн болохоор нэг их баярлаагүй. Хүүхүүд ч "Би өмсч үзье" гэхээр нь "Үгүй, би бол Цогт тайжийн хүүхэд. Ганцаараа л ийм сэлэм, хувцастай байна" гэж онгирно. Ангийн хүүхэд "Баатар хүн сахалтай байдаг. Чамд алга" гэхээр нь балын харандаа цаасан дээр үрж байгаад хурууныхаа үзүүрээр арчиж, сахал хийнэ. Миний нас ахиж яваа ч шинэ жил болох бүрт тэр шинэ жилийг боддог юм.
-Баатрын хувцас өмсөж байсан тэр үе таныг урлагт хөтөлсөн байж болох уу?
-Магадгүй. Аавыгаа дагаж олон жүжигчинтэй уулзахын зэрэгцээ тэднийг тайзны ард хувцсаа сольж, өмсч байгааг харах их сонирхолтой байсан. Дунд сургуульд урлагийн үзлэгээр шүлэг их уншина. Харин ахлах ангид ороход багш алиалагчаас эхлээд олон номерт оруулах гэхэд нь зугтдаг болсон. Хүнд зөн совин гэж байдаг. Угаасаа л драмын жүжигчин болох учиртай болоод л хошин шогийн номероос зайлсхийгээд байж л дээ.
-Таныг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг юм билээ?
-Тийм ээ. Өөрөө тийм хүүхэд байсан болоод ч тэр үү ийш, тийш үсчсэн, сахилгагүй хүүхдэд хайртай. Ийм хүүхэд том болоод амьдрал үзэхээрээ гүйлгээ ухаанаараа ном уншсан, ноомой хүүхдээс илүү ихийг тооцоолсон байдаг юм. Би хүнийг үйлдлээр, үгээр их зовоодог байсан. Жишээ нь, хүн сууж байхад ширээнийх нь доогуур мөлхөж ороод гутлых нь үдээсийг сандлын хөлтэй уячихдаг байсан. Мөн эмэгтэй хүүхдийн үсийг сандлынх нь түшлэгтэй холбочихно. Цас орохоор ангийнхаа хүүхдүүдийн хүзүү, энгэр рүү хийнэ. Цаас зажилж байгаад хүний улаан нүүр рүү пял хийтэл нь шиднэ. Гэхдээ ямар ч муу санаагүйгээр сахилгагүйтдэг байсан минь намайг урлаг руу аяндаа хөтөлсөн байх. Зажилсан цаасаа хүний нүүрэнд наахаар яаж ярвайдаг, ямар үйлдэл гаргадгийг нь харах их дуртай. Одоо аль нэг жүжигт тоглож байхад тийм үйлдэл гарга гэвэл найруулагчаасаа асуулгүй тодоор гаргачихаж чадна. Би тэдгээр үйлдлийг багаасаа цуглуулж, их урлагт эргэлт буцалтгүй орсон.
-Та ахлах ангид ороод янз бүрийн урлагийн үзлэгт тоглохоо больсон юм уу?
-Би дургүйдээ болиогүй. Хамгийн гол нь их ичдэг болсон юм. Тэр байдал оюутан болоод ч салаагүй. Харин багш, найз, жүжигчдийн тусламжтайгаар бүрэг зангаа орхисон.
-Аавтайгаа уран бүтээлийн талаар ярилцдаг байв уу?
-Намайг долоон настай байхад аав маань бурхан болсон учир уран бүтээлийн талаар ярилцаж чадаагүй ээ. Бид хоёр түрдэг дугуйны талаар ярьж байсан нь харин санаанаас гардаггүй юм. Тэр үед хүүхдүүд төмөр утас тахийлгаж байгаад дугуй түрж тоглодог байлаа. Би тэгж тоглох гэсэн чинь түрдэг төмөр байдаггүй. Аав "Ховилтой модоор түр" гэв. Би тэр хүүхдүүд шиг төмрөөр түрэх гэж дургүйцэхэд "Хүн хийе гэсэн зүйлээ өөр өнцгөөс ч гэсэн чадъя гэвэл болдог юм" гэж билээ. Үүгээрээ намайг ухаажуулж байж. Хааяа ээждээ зодуулахаараа аавдаа уйлаад очно. Тэгэхээр "Миний хүү битгий уйл. Эр хүн эодуулах тусам хатууждаг юм" гэж аргаддаг байсан.
-Таны аав "Энэ шар л урлагийн хүн болж магадгүй" гэж ээжид тань хэлж байсан гэдэг. Багаасаа танигдаад байж ээ ...
-Тийм. Өөрийнх нь зөн совинд би жүжигчин болмоор санагдсан юм байлгүй. Тиймээс ч би хичээж явна.
-Анх урлагт хөл тавихад юу бодогдож байв?
-Аавыгаа бурхан болсноос хойш 12 жилийн дараа анхны бүтээл "Хүний амь" кинонд тоглосон. Тэр үед би "Нэг юм тоглосон боллоо доо" гэж бодсон. Харин ээж маань урлагийн хүн биш болохоор ингэж л тоглох ёстой байх гэж бодсондоо нэг их юм яриагүй. Гэхдээ тэр киноны дараа уран бүтээлчдэд шагнал гардуулахад би ээждээ бүх мөнгөө өгсөн. Тэгэхэд "Миний хүү одоо л тусад орох нь дээ. Аав нь урлагт 10 жил зүтгэсний дараа "Одоо л би жүжигчин болох нь дээ" гэж байсан. Чи сайн жүжигчин болъё гэж бодож байвал аливаа дүрд тоглосон шиг тогло. Үгүй бол зүгээр нэг дүрд ороод гардаг хүн шиг тоглох хэрэггүй" гэж хэлсэн. Тэр үг надад ихийг ухааруулсан шүү.
-Олонд танигдаж эхлэхдээ биеэ тоож байв уу?
-Миний аав олон шавьтай. Зарим нь надад аав шиг минь ханддаг. Тэд надад "Миний дүү үргэлж л хүүхэд зангаараа байгаарай. Битгий биеэ тоогоорой" гэж байнга хэлдэг. Би угаасаа тийм зан гаргахгүй л дээ. Харин ч тийм зан гаргаж байгаа хүмүүсийг харахаар дургүй хүрээд байдаг юм. Хүн сайн байж болно. Харин сагсуурах хэрэггүй л байхгүй юу. Одоогийн томчууд яг ийм зантай. Зиндаархаад л. Надаас мөнгөөрөө л илүү болохоос тэдэнд өөр юу байгаа юм бэ. Зарим нь хөгийн зан гаргаад байдаг юм.
-Та одоо ямар дүр бүтээхийг хүсч байна вэ?
-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй болохоор тийм дүр бүтээчих юмсан гэж бодолгүй яах вэ. Нас ахиж яваа болохоор жирийн малчин Монгол эрийн дүр бүтээхийг хүсч байна. Чөлөөт уран бүтээлч гэсэн нэр зүүсэн болохоор санаанд тохирсон дүр байвал үгүй гэхгүй. Гавьяат жүжигчин Н.Ариунболд (Бооёо) нэг сонинд ярилцлага өгөхдөө намайг “Төмөрбаатар тийм л сайн юм бол над шиг хэдэн хүн удирдаад хошин шог тоглоод явахгүй яасан юм бэ" гэж хэлсэн байна билээ. Би драмын жүжигчин болохоос хошин шогийн жүжигчин биш. Тэгээд ч Хүүхэд залуучууд театрыг минь И.Нямгаваа гэдэг хүн сөнөөгөөгүй бол би хүнд ингэж хэлүүлээд явахгүй байсан.
-Таныг би залуудаа их омголон байсан болов уу гэж боддог юм?
-Угаасаа шартай хүүхэд байсан. Зөв юмны өмнө хэзээд бат зогсдог. Хэрэлдвэл хэрэлдэнэ, зодолдвол зодолдоно. Одоо ч иймээрээ. Надад нэг бодол байдаг юм.
-Ямар?
-Хэн нэгэн толгой дээр гарах гээд байвал "Чи намайг эцэггүй болохоор ингэж байна уу" гээд босдог. Намайг дунд сургуульд байхад багш нар аавгүй болохоор их дээрэлхдэг байсан. Тэр бодол одоо хүртэл миний оюун ухаанд шингэсэн байх. Эцэггүй ч гэсэн би хүнд дээрэлхүүлэхгүй.
-Та "Миний аавын нэрийг шавь нараас нь эхлээд олон хүн барьдаг. Тэгсэн хэрнээ хөшөөг нь ч босгоогүй байна шүү дээ" гэж хэлж байсан?
-Тэр үед би жаахан шарлахсандаа тэгж хэлсэн байж магадгүй. Би аавдаа зориулж хөшөө босгох гэж их хичээсэн. Гэвч бараагүй. Харин одоо чадахаар болсон. Гэхдээ одоо зарим хүн амьд хэрнээ өөрсдөдөө хөшөө босгуулах гээд байгаа болохоор больсон. Тиймээс Цагааны Цэгмид гэдэг хүн байсан уу байсан, кино урлагт дийлж байсан уу, дийлсэн нь үнэн юм чинь би өөрөөр мөнхлөх гээд яах вэ дээ. Би зүтгэсэн зүтгээгүй ард түмэн аавыг минь мэдэх юм чинь.
-Олон алдартан бурхан болоход ар гэрийнхэн нь нэрэмжит шагналыг нь бий болгодог. Та аавынхаа нэрэмжит шагналыг бий болгох бодол байхгүй юу?
-Ийм бодол байсан. Гэвч намайг дэмжиж ажиллах дургүй хүмүүсийг гуйхгүй. Тэгвэл аавыгаа доромжлуулсан болно.
-Таны аав ер нь хэдэн шавьтай вэ?
-13. "Итгэлт баян" А.Очирбат агснаас эхлээд олон сайн жүжигчин бий. Кино урлагийн дээд сургуулийн кино драмын ангид багшилж байсан жүжигчин Д.Маамхүү гуай ч байна. Энэ хүн одоо ямар ч гавьяа, шагналгүй явна. Чөлөөт уран бүтээлч гэсэн гудамжинд дэлгэрсэн үгээр өөрийгөө баясгаад таарсан кинондоо тоглоод явж байна.
-Таны эгч СУИС-ийн төгөлдөр хуурын багш, дүү Төмөрхуяг, Төмөрсүх нар тань жүжигчин, балетчин мэргэжилтэй. Жүжигчид "Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарж бай" гэсэн байдаг юм билээ. Яагаад ингэж хэлсэн юм бол?
-"Ц.Цэгмидийн хүүхэд гэхээр л бүгд урлагийн хүн болж байдаг юм уу. Тэднийг дарж байх хэрэгтэй" гэсэн яриа өвгөчүүдээс гарсан. Дараагийн үе нь ч хэрэгжүүлэх гэж явна. Гэхдээ чадахгүй л дээ. Авьяас билэг агуу юм чинь биднийг хэчнээн дараад ч дийлэхгүй. Тэд бидэн шиг дийлж жүжиглэж чадахгүй болохоороо ингэж хэлэхээс ч яах вэ дээ. Ийм яриа гаргасан хүмүүсийг би мэднэ. Энэ ярианд нь ч аав минь "хараалгаад" залуудаа нас барсан байх. Хэрвээ би тэдэн шиг хэн нэгнийг зулгуйдаад явсан бол Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар цолыг хүртэх байсан. Гэхдээ би тэгэхгүй. Миний цусаар “Шударга бай” гэсэн үг урсч байгаа. Биднийг дарах гэсэн хүмүүс ингэж яриад явж л байг. Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарав ч далдайна, булавч бултайна.
-Энэ үгийг анх сонсоод эмзэглэсэн үү?
-Үгүй. Миний дотрыг улам загатнуулж, юу чаддагаа харуулах хүслийг бадраасан. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэж үг байдаг шүү дээ. Улам өндөр ургана даа.
-Та Тэмүүжин, Жамуха хоёрын дүрийг бүтээсэн. Аль нь хэцүү байсан бэ?
-Энэ хоёрын дүр нэг үеийн баатарлаг түүх болсон. Жамух бол надад илүү ааг, омогтой, зорилгынхоо төлөө оюун ухаанаа зарцуулсан хүнээр төсөөлөгдсөн. Энэ хоёрыг харьцуулахад нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхөр гэсэн үг санаанд буудаг. Тэмүүжин өөрийнхөө цаг үеийг зөв ухаарсан. Одоогийнхоор бол менежмент сайтай гэсэн үг. Аль, аль нь хэцүү байгаагүй ээ.
-Одоо хоёулаа таны гэр бүлийн талаар ярилцья. Гэр бүлээ манай уншигчдад танилцуулаач ...
-Гэр бүлийн маань хүнийг Б.Отгончимэг гэдэг. Уг нь урлагийн хүн. Одоогоор хувиараа уул уурхайн компани байгуулаад ажиллаж байна. Том охиныг Биндэрьяа, бага охиныг Сүндэрьяа гэдэг. Өөрөө жүжигчин болно гээд байгаа. Яг жүжигчин болно гэвэл хойд хөрш рүү явуулна. Тэнд сургалт сайн л даа.
-Эхнэр тань таниас насаар нэлээн бага гэж сонсогдсон ...
-Тийм ээ. Хүмүүс ийм сонин юманд их дурладаг л даа. Би 60 настай байгаад 18-тай бүсгүйтэй суусан ч яадаг юм. Миний аав ээжээс 21 насаар ах байсан. Харин би эхнэрээсээ 14 насаар ах. Хэн хэндээ хайртай байгаад, амьдралаа сайхан авч явж чадаж байвал болно шүү дээ.
-Охидынхоо нэрийг та хайрласан уу?
-Тийм. И.Нямгаваа бид хоёр сайхан цагт Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхад манай том охин ээжийнхээ гэдсэнд байсан юм. Тэр үед түүний хүүхэд "Би Сүндэрьяа дүүдээ чихэр өгнө гэдэг байгаа. Тэгэхээр нь би "Сүндэрьяа дүү чинь хаана байгаа юм" гэсэн чинь манай эхнэрийн гэдэс рүү заасан. Тиймээс хүүхэд тэгж байгаад нь бэлгэшээгээд энэ нэрийг өгсөн. Манайхан анхны хүүхдээ Батаар эхлүүлж нэрлэсэн бол бусдыг нь ч төстэй өгдөг зантай шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Ц.Төмөрбаатар: Аавынхаа зөн совинд би жүжигчин болмоор санагдсан юм байлгүй | ||
Үзсэн: 6069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.