Шууд Chart

Элчин сайд Ц.Болор итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2014-04-28 12:24:30

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Йоахим Гаукт 2014 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Беллвю” шилтгээнд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг гардуулсны дараа болсон ганцаарчилсан уулзалтын үеэр Элчин сайд Холбооны Ерөнхийлөгч Й.Гаукт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжиллаа.  Тэрээр Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй онцлог жилд ийнхүү үүрэгт ажилдаа орж байгаадаа ихэд билэгшээж буйгаа дурдаад хоёр орны уламжлалт найрсаг, иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
 
Холбооны Ерөнхийлөч Й.Гаук Элчин сайд Ц.Болорт баяр хүргэн амжилт хүсээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 онд ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр түүнтэй уулзан ярилцаж байснаа эргэн санахад таатай байгаагаа илэрхийлэв. Энэхүү айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүдийн хийсэн уулзалт болон Холбооны Канцлер А.Меркелийн 2011 онд Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд харилцан тохиролцсон зүйлсийг хэрэгжүүлэхэд хоёр талаас идэвхийлэн ажиллаж байгаад баяртай байгааг Холбооны Ерөнхийлөгч тэмдэглэв.
 
Мөн түүнчлэн тэд германы дэвшилтэт технологид суурилсан нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэр Монгол Улсад байгуулах төсөл, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургууль болон монгол судлалын асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцлоо.

Холбооны Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад урьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилга хүчин төгөлдөр хэвээр байгааг Элчин сайд Ц.Болор Холбооны Ерөнхийлөгч Й.Гаукт мэдээлж, түүнд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Элчин сайд Ц.Болор итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа  
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй