. Тэрбээр ASMR (The Autonomous sensory meridian response) контент дагнан бэлтгэдэг бөгөөд элдэв төрлийн дуу авиа, чимээ бүхий ASMR бичлэг сонсож буй хүндээ таатай мэдрэмж төрүүлдэг төдийгүй тайвшруулах эмчилгээ болдог байна.
Түүнчлэн “youtuber” Э.Золжаргалын хоёр дахь ажил бөгөөд тэрбээр дэлхийн шилдэг дөрвөн санхүүгийн компанийн нэг “Ernst & Young”-д үндсэн мэргэжлээрээ ажилладаг.
-Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Манай сайтын уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-Баярлалаа. Би АНУ-д ирээд есөн жил болж байна. Энд Вашингтон ДС хотод ажиллаж, амьдардаг. Ютүбэр миний хоёр дахь ажил гэж хэлж болно. Би Виржиниа мужийн Жорж Мейсон их сургууль (George Mason university)-д нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж саяхан төгссөн. Одоо хүмүүсийн сайн мэдэх "Apple", "Facebook" зэрэг компаниудад аудитын үйлчилгээ үзүүлдэг, "Бид 4" гэдэг нэршлээрээ алдартай, ерөнхийдөө дэлхийн шилдэг дөрвөн санхүүгийн компанийн тоонд ордог “Ernst & Young” компанид мэргэжлээрээ ажиллаж байгаа.
-Та ахлах сургуулиа АНУ-д төгссөн үү. Анх очиход ямар мэдрэмж төрсөн бэ. Америкийн ахлах сургуульд элсэх хүсэлтэй хүүхдүүдэд юуг захиж зөвлөх вэ?
-Тийм ээ. Анх АНУ-д ирээд шууд ахлах сургуульд элссэн. Мэдээж шинэ орчин болохоор эхэн үедээ орчиндоо дасахад жаахан хэцүү, нэлээд хугацаа орсон. Сургууль, сурагчдаас эхлүүлээд бүх л юм тэс өөр байсан. Сургуульдаа элсээд бүх хичээлээ англи хэлээр үзэж эхэлсэн. Тиймээс энд сурах хүсэлтэй хүүхдүүд англи хэлээ сайн сураад ирвэл хүндрэл гарах нь бага. Мөн хэлтэй бол тэр хэрээр орчиндоо хурдан дасан зохицно.
-Таны төгссөн их сургуулийн онцлог, давуу тал гэвэл юуг хэлэх вэ. Мөн АНУ-д тэтгэлгээр үнэ төлбөргүй боловсрол эзэмших хэр боломжтой вэ?
-Манай сургууль Виржиниа мужийнхаа том их сургуульд тооцогддог. Ойролцоогоор 33 мянган оюутантай. Тийм ч болохоор томоохон компаниуд манай сургууль руу өөрсдийн танилцуулгаа илгээж, төгсөгчдөөс сонгон шалгаруулж ажилд авах сонирхолтой байдаг.
Тэтгэлгийн тухайн маш олон төрлийн тэтгэлэг зарлагддаг. Миний хувьд тэтгэлэгт хамрагдах хүсэлт илгээж байгаагүй. Тэтгэлэгүүд ихэвчлэн их сургуулийн веб сайтаар зарлагддаг. Энд элсэгчийн, оюутны бичсэн эссэ, сурлагын дүн болон бусад шалгуурыг харгалзан үзэж тэтгэлэг олгодог юм билээ.
-“Ernst & Young” компанид ажил орохын тулд ямар шалгуур, өрсөлдөөнийг даван туулав?
-“Ernst & Young” компанид ажилд ороход маш их өрсөлдөөнтэй байдаг. Манай компани маш олон ажил горилогчоос эхний шатанд цөөн хэдийг нь сонгож, ажлын ярилцлагад урьдаг. Анхан шатыг амжилттай давж чадвал “pre interview dinner” гэх мэт арга хэмжээнд орно. Олон шат дамжлагын дараа ажил олгогч шинэ ажилтнаа сонгож, ажлын байрандаа урьдаг. Миний хувьд саяхан сургуулиа төгссөн шинэ ажилтан учир анхан шатнаас нь эхлэн ажиллаж байгаа.
-“Youtuber” болох эхлэл хэрхэн тавигдсан бэ?
-Би “Ютүб” үзэх маш дуртай хүүхэд байсан. Тухайн үед өөрийн гэсэн контентоо бүтээж “Ютүб”-д байршуулж үзэх юмсан гэж хүсдэг байлаа. Би хичээлдээ явангаа хажуугаар нь цагийн ажил хийдэг байсан. Маш их хичээл, даалгаврынхаа хажуугаар цагийн ажил хийдэг газар руугаа очих, гэртээ ирэхийн тулд асар их цаг хугацаа зарцуулна. Тиймээс ажил руу очих, гэр лүүгээ ирэх цагаа хэмнэхийн тулд гэрээсээ ажиллах боломжуудыг хайж, эрэлхийлж эхэлсэн. Ийн “Ютүб”-д контент байршуулаад үзье гээд анх эхэлж байсан.
Одоо бол би долоо хоног бүр шинэ контент хийхэд 1-2 өдрийг зарцуулдаг. Өдөр нь үндсэн ажлаа хийгээд шөнөдөө контент дээрээ суух дуртай. Долоо хоногт аль болох 1-3 контент “Ютүб” сувагтаа байрлуулахыг зорьдог. Бичлэгийнхээ гэрэлтүүлэг, зураг авалт, монтаж, өнгө дэвсэх зэрэг бүх ажилд суралцаж өөрөө хийх нь миний хобби.
-Яагаад ASMR контент сонгосон бэ. ASMR дотроо маш олон төрөл байдаг. Та зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээр дагнасан контент бүтээдэг юм билээ?
-Анх өөр бусад ютүбэрийн хийсэн ASMR контентыг үзэхэд надад маш их таалагдаж энэ төрлийн контент хийхээр шийдсэн. Ер нь би өөрийнхөө болоод хүмүүсийн сонирхол, тренд гурвыг нийлүүлсэн контент хийдэг. Өнөө цагт хүн бүрт өөр өөрийн стресс бий. Миний ойлгосноор ASMR хүнд тайвшрал өгдөг. Учир нь анхны контентуудаа гаргасны дараа хүмүүсээс “Танай видео стрессийг минь тайлж өглөө”, “Нойроо авахад тусалдаг”, “Баярлалаа” гэсэн утгатай мэйл их ирсэн.
Мөн би бусад ютүбэрийн хийдэг ASMR контентуудаас сонин содон байх болов уу гэдэг үүднээс гоо сайхны шинэ бүтээгдэхүүнүүдийн хайрцаг савыг нээж, задалж, онгойлгож байгаа видеонууд хийсэн. Үр дүнд нь миний 2017 оны гуравдугаар сард нээсэн “ASMR sound queen” ютүб суваг маань одоогоор нэг сая 340 мянга гаруй subscriber-тай нийт үзэлт нь 379 сая 800 мянга болсон. 58 улсаас миний контентуудыг үзсэн байна. Үүнээс хамгийн их үзэлттэй контент маань саяхан 82 сая хүрсэн.
-“Youtube” суваг ажиллуулж, тогтмол ASMR контент хийхийн тулд тоног төхөөрөмжөөс эхлээд бичлэгт орох бүтээгдэхүүн авах гээд нэлээдгүй зардал гардаг байх. Та нийтдээ хэдий хэрийн зардал гаргасан бэ?
-Анх сувгаа нээхдээ утсаараа хийсэн бичлэгүүдээ “Ютүб”-д байршуулдаг байсан. Яваандаа гэрийнхээ нэг өрөөг бичил студи болгон засаж, студид шаардлагатай техник хэрэгслүүдийг худалдан авсан. Одоо бол хаяа хаяа даа нэмэлт багажууд авдаг.
Миний хувьд студийн тоног төхөөрөмжийн зардалд 10 мянга орчим ам.доллар зарцуулсан. Үүнээс гадна контент хийхэд сар бүр урсгал зардлууд гардаг.
-Нууц биш бол “Youtube”-ээс хэдий хэрийн орлого олдог вэ. “Youtuber” болох зорилготой олон хүнд урам зориг өгөх байх?
-“Ютүб”-ээс олох орлого янз бүр. Тодруулбал, аль улсаас таны суваг руу хандаж, контентыг тань үзсэнээс хамаарч их бага байдаг. Тиймээс хэр их бичлэг хийж, олон хандалт авна тэр хэрээр “Ютүб”-ээс их орлого олно.
Миний хувьд “Ютүб”-ээс орж ирэх орлого сэтгэл хангалуун байх хэмжээнд байдаг гэж хэлж болно. Мэдээж гаргасан зардал, зарцуулсан цагийнхаа хөлсийг бүрэн авдаг. Ютүбэрийн хамгийн том давуу тал бол өөрийн хүссэн цагаар ажиллаж болдгоороо их таатай ажил.
--“Silver болон Gold play button”-тай сувагт ямар давуу талууд бий болдог вэ?
-“Silver болон Gold play button” бол “Ютүб” таны сувгийн амжилтыг шагнадаг шагнал гэж хэлж болно. 100 мянга, нэг сая subscriber-тай болсон бүх суваг “Ютүб”-ээс “Play button” авахгүй. Тодруулбал, “Ютүб”-ээс тухайн сувагт хаягласан гомдолтой танилцаж, зохиогчийн эрх зөрчсөн үү эсэх зэрэг олон шалгуураар 7-14 хоног шалгасны үндсэн дээр “Play button” олгох эсэхээ шийддэг.
-“Givenchy”, “Snickers” зэрэг томоохон брэндүүд ASMR дуу хоолойг сурталчилгаандаа ашиглах болсон. Танд гоо сайхны болон бусад брендүүдээс хамтран ажиллах санал ирсэн үү?
-Гоо сайхны брендүүдээс хамтран ажиллах санал ирж байгаа. Сүүлийн үед ASMR төрөл маш хурдацтай түгж байгаа болохоор гоо сайхны хэд хэдэн компаниас манай сувгийг сонирхсон, хамтран ажиллахыг хүссэн мэйл ирүүлсэн.
-Монголоос маш олон “youtuber” төрөн гарч байна. “Silver play button” авсан суваг олон бий. Монгол “youtuber”-үүдэд гадаадын үзэгчдийг татах тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тиймээ. Маш олон монгол суваг “Silver play button” авсан. Миний бодлоор үзэгчдээ сонсох мөн контентынхоо доор англи хадмал орчуулга оруулах зэргээр үзэгчдээ тэлэх нь зөв болов уу гэж бодлоо. Ер нь аль болох сонин содон бусдаас өөр зүйл хийвэл сайн. Гэхдээ мэдээж ютүбэр өөрийн сонирхлоо дагадаг, туушдаа байхад үзэлт, хандалт ихэснэ.
-Та юунаас урам зориг авдаг вэ?
-Хийж байгаа ажлаасаа кайф авдаг. Мэдээж 10-20 сая subscriber-тай сувгийг харж зорилгоо болгодог (инээв). Гоё контентынхаа зураг авалтын ард гарчихаад “Ютүб”-д байршуулсныхаа дараа үзээд суух сайхан шүү.
-Дараагийн тань зорилгыг 10 сая subscriber-тай болох буюу “Diamond play button” авах гэж тодорхойлж болох уу?
-Ямартай ч хичээгээд тууштай байснаар “Diamond play button” авахыг зорино.
-Бусад ASMR контент бүтээдэг сувгуудын ард нэг хүн байдаг уу эсвэл баг бий юу. Та энэ талаар судалж үзсэн үү?
-Бусад ASMR суваг янз бүр. Багаараа эсвэл хувь хүн ганцаараа ASMR контент хийдэг. Миний хувьд бусдын туслалцаа оролцоогүйгээр ганцаараа хийдэг. “Ютүб”-ээ үндсэн ажлаа болгоод бүх цаг заваа ютүбэрийн ажилдаа зориулах юмсан гэсэн сонирхол заримдаа төрдөг ч гэсэн хувийн карьераа орхигдуулахгүй хамт авч явах хүсэлтэй байгаа. Тиймээс ютүбэр миний хобби, хоёр дахь ажил гэж ойлгож болноо.
-Таны зурсан хөрөг зургуудыг харсан. Зураг зурахаас гадна өөр ямар авьяастай вэ?
-Би зураг зурах маш их дуртай. АНУ-д ирэхээсээ өмнө ШУТИС-ийн лицей сургуулийн сурагч байхдаа зураг их зурдаг байлаа. Одоо ч гэсэн цаг завтай үедээ зурнаа. Мөн авьяас гэхээсээ илүү сонирхлоороо Вашингтон ДС хотод загвар өмсдөг байсан.
-Та Монголдоо хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ. Цар тахал намжихаар ирэх төлөвлөгөө бий юу?
-Хамгийн сүүлд 2016 онд очсон. Уг нь очих төлөвлөгөө байсан боловч цар тахлаас болоод хойшилчихлоо. Гэсэн хэдий ч Монголдоо очихоор төлөвлөсөн байгаа. Эх орноо санаж байна. Очоод хамгийн түрүүнд байгалиараа аялна.
Э.Золжаргал: 2017 онд нээсэн “Youtube” суваг минь одоо нэг сая 340 мянга гаруй дагагчтай | ||
Үзсэн: 9520 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.