Шууд Chart

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн захирагчдын зөвлөлийн II хурал болов

2020-12-22 10:12:55

Өчигдөр буюу 12 дугаар сарын 21-ний өдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнууд /ДГХБО/-ын Олон улсын судалгааны төв /ОУСТ/-ийн Захирагчдын зөвлөл цахим хэлбэрээр хуралдав.

Хуралд ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орсон Армян, Азербайжан, Афганистан, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Непал, Нигер, Парагвай, Тажикистан, Этиоп Улсын төлөөлөгчид оролцож, 2019 оны санхүүгийн тайлан, хөдөлмөрийн дотоод журам, ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан байна.

Захирагчдын зөвлөлийн дарга, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хурлыг нээж хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахлын үед тулгарч буй сорилтыг даван туулах, цар тахлын нөлөөллийг багасгах чиглэлээр хамтран ажиллах хүрээнд далайд гарцгүй орнууд ОУСТ-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.

ОУСТ-ийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээрийн төслийг НҮБ-тай хамтран боловсруулж, ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын хурлаар 2010 оны 9 дүгээр сард баталсан. Олон талт хэлэлцээрийг далайд гарцгүй орнуудаар соёрхон батлуулах, төвийг байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр манай улс идэвхтэй ажилласан бөгөөд хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Өнөөдрийн байдлаар Афганистан, Армян, Азербайжан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Нигер, Парагвай, Тажикистан, Этиоп зэрэг 14 улс хэлэлцээрийг соёрхон батлаад байна.

Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сард ОУСТ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ажиглагчийн статустай болсон бөгөөд ингэснээр НҮБ болон түүний системийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад илүү хүрч, шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж, үр дүнтэй ажиллах боломжтой болсон билээ.


Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн захирагчдын зөвлөлийн II хурал болов   
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй