Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-ын Эрүүл мэндийн клубээс санаачлан “Хөөрхөн Зүрхнүүдийн Аян”-ынхантай хамтран “Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг” кино хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Кино хэлэлцүүлгийн эхэнд бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн БНСУ-ын “Хүсэл” уран сайхны киног үзүүлсэн юм.
Хэлэлцүүлэгт Цагдаагийн Ерөнхий Газар, “Гүнж” төв, Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын албаны хүмүүс оролцсоноос гадна хуульчид, өмгөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөллийнхөн оролцлоо.
Кино хэлэлцүүлгийн үеэр олон чухал асуудал хөндөгдсөн юм.
Тухайлбал, бага насны хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлсэн, сануулсан агуулгатай үндэсний хэмжээний кино, клиптэй болох, кино зохиолын уралдаан зарлах, бага насны хүүхдүүд амархан тогтоож чадах “Хүүхдийн Эрхийг Хамгаалах” 123 гэсэн тусгай утасны дугаарын хүсэлтийг холбогдох газарт тавьж байнгын ажилд оруулах, урлаг, спортын нэр хүндтэй, алдар цуутай хүмүүстэй хамтран ажиллаж, тэднийг бэлгийн хүчирхийллийн эсрэг агуулгатай бүх төрлийн реклам, зар сурталчилгаа, шторконд тоглуулах зэрэг олон дэвшилттэй санал дэвшүүлэн, үзэл бодлоо уралдууллаа.
Оролцогч талууд дээрх яригдсан асуудлаа ажил хэрэг болгох үүднээс цаашдаа 14 хоног тутамд уулзаж, ажлын явцыг хэлэлцэж байхаар боллоо.
Дашрамд өгүүлэхэд, 2014 он гарснаас хойш өнөөх хүртэл хугацаанд улсын хэмжээнд 38 бэлгийн хүчирхийлэл холбогдох байгууллагад бүртгэгдсэн байна.
Үүнээс 14 нь 14 хүртэлх бага насны хүүхдүүдэд тохиолдсон бэлгийн хүчирхийлэл бүртгэгджээ гэж кино хэлэлцүүлгийн үеэр албаны хүмүүс мэдэгдсэн юм.
“Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг” кино хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 1363 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.