Шууд Chart

Зөрчилтэй барилгуудыг олон нийт, банк санхүүгийн байгууллагад мэдэгдэнэ

2014-04-29 10:50:40

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар нийслэл хотод баригдаж буй барилгуудад хийсэн шалгалтын талаар танилцуулга хийлээ. 

Уг шалгалт нь Нийслэлийн хэмжээнд нийт барилга угсралтын ажил эхлэн гүйцэтгэж буй барилгуудын батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз, ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хэрхэн баримтлан ажиллаж байгаад хяналт тавих маягаар явагдсан байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийт  475 барилга баригдаж байгаа бөгөөд 256 барилга угсралтын ажил эхэлсэн байна. Үүнээс 198 барилга Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авчээ. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авсан 135, барилга угсралтын ажил нь дуусч комисс ажиллуулах хүсэлт өгсөн болон комисс ажилласан 85, шат шатны шүүхэд маргаантай байгаа дөрвөн барилга байгаа аж.
Шалгалтын явцад бичиг баримтын зөрчилтэй 57 барилга байгаагаас 24 барилга ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтээ ирүүлсний дагуу бичиг баримтын бүрдлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар шалгаж байна.  
Шалгалтаар холбогдох зөвшөөрөл аваагүй, бичиг баримтын зөрчилтэй, барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад олгогдсон зөвшөөрлийн хэмжээ хэтрүүлэн барилгын ажил гүйцэтгэсэн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг баримтлаагүй зөрчилтэй барилгуудад зөрчлийг арилгуулах тухай 25 шаардах хуудас хүргүүлжээ.
Зөрчилтэй баригдаж буй 33 барилгыг дүүргээр ангилвал Сүхбаатар дүүрэгт  нэг, Чингэлтэй дүүрэгт гурав, Баянзүрх дүүрэгт ес, Баянгол дүүрэгт  11, Сонгинохайрхан дүүрэгт гурав,  Хан-Уул дүүрэгт зургаан барилга байна. Эдгээр нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх, зөвшөөрөл аваагүй, зогсоох шаардлага авсан барилгууд байгаа юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд зөрчилтэй 33 барилгаас зөрчлөө арилгах хугацаатай шаардлага тавьж, хугацаа хэтрүүлсэн эсвэл зөрчил арилгах боломжгүй барилгуудын жагсаалтыг гарган олон нийт, банк санхүүгийн байгууллагад эрсдэлтэй болохыг мэдэгдэх үүргийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад өглөө.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зөрчилтэй барилгуудыг олон нийт, банк санхүүгийн байгууллагад мэдэгдэнэ  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй