Шууд Chart

Нийслэлээс барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавина

2014-04-29 11:27:39

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар барилгын үйл ажиллагаатай холбоотой 2014 онд гарсан осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл сонслоо.

Мэдээллээс үзвэл, 2014  он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын найман осол, бусад зургаан осол гарч долоон  хүн амь насаа алдаж, хоёр  хүн бэртэж, гурван  автомашин гэмтсэн байна. Эдгээр ослуудыг  хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, мэргэжлийн бус ажилтны хариуцлагагүй үйлдэл, анхаарал муу байснаас гарсан бөгөөд зарим осол нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд барилгын осол, аваар гарсны дараа асуудлыг ярьдаг биш, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийх шаардлагатайг анхааруулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах  тухай Нийслэлийн Засаг даргын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.
Уг албан даалгаварт “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, 2013 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тусгахаар болсон байна.
 
Түүнчлэн ослын гол шалтгаан болж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, өргөх, зөөх байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, угсрах засвар үйлчилгээ хийх, зөөж, шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, өргөх байгууламжийг ашиглахдаа мэргэжлийн үнэмлэхтэй кранчин, операторчин, оосорлогч, дохиочинг ажиллуулах зэрэг үүргийг аж ахуйн нэгжид даалгах аж.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нийслэлээс барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавина   
Үзсэн: 1701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй