Шууд Chart

Монгол Улс Асемийн уулзалтын дэд бүлгийг ахлав

2014-05-01 12:07:32

Ази-Европийн уулзалт (АСЕМ)-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Брюссель хотноо болсон байна. Уулзалтад ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцов. 

Уулзалтыг Европийн Холбооны Гадаад харилцааны АСЕМ хариуцсан албаны захирал В.Будура даргалж, Европийн Холбоо, Грек, Малайз болон Монголын Ахлах албан тушаалтнууд бүс нутгийн дэд бүлгүүдийн хуралдааныг зохион байгууллаа.
 
Энэ удаагийн уулзалтаар 2012 онд Вьентьян хотноо хуралдсан АСЕМ-ийн есдүгээр Дээд түвшний уулзалт болон 2013 онд Дели хотноо хуралдсан АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын 11 дүгээр уулзалтын үр дүнгээр хэрэгжүүлсэн ажлын талаар санал солилцов. Монголын төлөөлөгч Европийн Холбоотой 2013 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан Монгол-Европийн Холбооны Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн ач холбогдлыг цохон тэмдэглэж, Монгол Улсын цаашид АСЕМ-ын хамтын ажиллагааны хүрээнд 2015-2016 онд сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, усны менежмент, жижиг дунд үйлдвэр зэрэг салбарт Европийн түншүүдтэй хамтран төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
 
Түүнчлэн АСЕМ-ийн 51 гишүүн улс, байгууллагын төлөөлөгчид Ази, Европ тивд болж буй үйл явдал, АСЕМ-ын хүрээн дэх Ази-Европийн харилцаа холбоо болон олон улс, бүс нутгийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Манай төлөөлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн онд дэвшүүлсэн “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулсан “Зүүн Хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдийн уулзалт” болон удахгүй зургаадугаар сард болох Зүүн Хойд Азийн эрдэмтэд, экспертүүдийн уулзалтыг танилцуулав.
 
Мөн Ахлах албан тушаалтнуудын уулзалтаар 2014 оны 10 дугаар сард болох АСЕМ-ийн 10 дугаар Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. Энэ жилийн АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт “Тогтвортой өсөлтийн төлөөх хариуцлагатай түншлэл” сэдвээр 10 дугаар сард Италид болох бөгөөд 2016 онд болох АСЕМ-ийн 20 жилийн ойн өмнө болж байгаагаараа онцлог юм.

Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид уг уулзалтад оролцох үеэрээ Европийн Холбооны гадаад бодлогыг хэрэгжүүлэгч Европийн Гадаад харилцааны Албаны Ази, Номхон далайн газрын удирдлагатай уулзав. Уулзалтаар Монгол Улс, Европийн Холбооны харилцаа, хамтын ажиллагааг хоёр талын байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх, мөн олон талт хамтын ажиллагаа, түүний дотор Зүүн Хойд Азийн бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцов.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монгол Улс Асемийн уулзалтын дэд бүлгийг ахлав   
Үзсэн: 1159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй