Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Монгол цэргийн жавхаа” уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард зарлагдсан уг уралдаанд нийслэлийн орчим дахь 30 анги, байгууллага оролцсон байна.
Уралдааныг дүгнэхдээ цэргийн анги, байгууллагыг жагсаалын үзүүлбэрээс гадна тухайн ангийн тохижилт, албан хаагчдын эрүүл, аюулгүй орчинд албан хаах нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг гол шалгуур үзүүлэлт болгожээ.
Дээрх үзүүлэлтээр нэг, хоёрдугаар шатнаас Зэвсэгт хүчний 017, 150, 032, 311, 120, 353, Хилийн цэргийн 0151, 0164-р анги төгсгөлийн шалгаруулалтад оролцохоор шалгарлаа. Эдгээр цэргийн анги, байгууллага нь ангийнхаа гадна, доторх тохижилт, ногоон байгууламжад онцгой анхаарч, өнгөрсөн жилээс илүү дэвшилттэй ажилласан гэдгийг шалгаруулалтын ажлын хэсэг онцолж байна.
Тухайлбал, ангийн ногоон байгууламжийг сэргээж, мод бүрийг паспортжуулан эзэнтэй болгож, албан хаагчид амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө, танхимыг ая тухтай байхаар тохижуулан, анги бүр усан оргилууртай болжээ. Мөн цэргийн ангидаа хяналтын нэгдсэн камерын системийг суурилуулсан гээд эрүү, аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Уг уралдааны хүрээнд нийт цэргийн анги, байгууллагууд 657,1 сая төгрөгийн тохижилтын ажил хийсэн гэдгийг “Монгол цэргийн жавхаа” уралдааны зохион байгуулагчид онцолж байна.
Харин бямба гарагт болох төгсгөлийн шалгаруулалтад эдгээр цэргийн анги, байгууллагууд жагсаалын үзүүлэх тоглолт хийж өрсөлдөх бөгөөд тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан анги, байгууллагын захирагч, даргыг орон сууц, үлээвэр хөгжмийн зэмсэгийн иж бүрдэл, тусгай байранд шалгарсан нэг ангийг дөрвөн сая төгрөг, үлээвэр хөгжмийн зэмсэгийн иж бүрдлээр шагнах аж.
“Монгол цэргийн жавхаа” уралдаан шилдгүүдээ тодруулна | ||
Үзсэн: 1337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.