![](/uploads/202102/news/thumb/b2cd6764adc40f20701193932815005d_x3.jpg)
Оскарын шагналын шилдэг гадаад киноны төрөлд найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино өрсөлдөхөөр болжээ.
Германы “Basis Berlin” кино компанийн бүтээл тус киноны ерөнхий найруулагчаар Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажиллаж, жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тогложээ.
Кинонд хөдөө нутгийн 11 настай Амараа гэдэг хүү гарна. Тэр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, гадаадын уул уурхайн компаниас уугуул нутаг, газар шороогоо аврах бөгөөд “Дэлхий дээрх хамгийн сүүлчийн алтны судал тасрах үед, хорвоо ертөнц тэр чигтээ хумхын тоос болон замхарна” гэдэг үг киноны гол амин сүнс юм.
“Алтан судал” киноны нээлт өнгөрсөн жил Берлиний кино наадмын үеэр болсон билээ.
Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” кино 2005 онд Оскарын баримтат киноны төрөлд өрсөлдөж байсан бол энэ “Алтан судал” нэртэй бүтээл нь өрсөлдөхөөр болоод байна.
2021 оны Оскарын шагналын албан ёсны нэр дэвшигчдийн нэрс ирэх гуравдугаар сарын 15-нд тодорхой болно. Харин ялагчдыг дөрөвдүгээр сарын 25-нд зарлах аж.
Найруулагч Даваагийн Бямбасүрэн 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, Германд амьдран уран бүтээлээ туурвидаг. Тэрбээр 1995-1998 онд Кино Урлагийн дээд сургуульд суралцаад, 1998 оноос МҮОНРТ-д туслах найруулагчаар ажилласан байна. Герман Улсын Мюнхений Телевиз, Кино урлагийн их сургуульд баримтат кино, харилцааны шинжлэх ухааны чиглэлээр суралцжээ.
Бүтээлүүд
- 1999 он: Хул морь
- 2003 он: Ингэн нулимс
- 2005 он: Шар нохойн там
- 2009 он: Эзэн Богдын хоёр загал
Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Оскарт өрсөлдөнө | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.