![](/uploads/202102/news/thumb/f89adb0601b6629448f2d4259dd4346c_x3.jpg)
Олон улсын олимпын хороо болон Токиогийн олимпыг зохион байгуулагчид наадмаа эрсдэлгүй явуулахад зориулсан эхний ээлжийн гарын авлага, журмаа танилцуулжээ.
Энэхүү гарын авлага, журмыг дэлхий дээр одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй спортын арга хэмжээнүүдийг үзэн боловсруулжээ.
Олон улсын олимпын хорооноос баг тамирчдыг Японд ирэхээсээ өмнө вакцинд хамрагдахыг зөвлөсөн ч вакцин нь олимпын наадмыг эрсдэлгүй зохион байгуулах гол хүчин зүйл гэж үзэхгүй байгаа аж. Тэд анхны журмаа олон улсын спортын холбоод болон удирдах түвшний алба хаагчдад зориулжээ. Харин баг тамирчид болон хэвлэл мэдээллийнхэнд зориулсан гарын авлага, журмыг удахгүй танилцуулах юм байна. Олимпын үйл ажиллагаа хариуцсан захирал Пьер Дукри “Эхний журмаас коронавирусээс сэргийлэх анхан шатны болон стандарт эрүүл мэндийн зөвлөмжүүдийг олж харах боломжтой.
Тодруулбал, хувийн ариун цэврээ сахихаас эхлээд шинжилгээ өгөх, тандалт судалгааны талаар багтсан байгаа” гэжээ. Хилийн чанадаас Японд айлчлах баг тамирчид юун түрүүнд эх орондоо шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан байх ёстой гэнэ. Мөн Японд газардсанаас хойших 14 хоногийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг зохион байгуулагчдад гаргаж өгөхийг тусгасан байна. Олон улсын баг тамирчид, албаны хүмүүс зөвшөөрөлгүй нийтийн тээврээр зорчихыг хориглож байгаа бөгөөд албан тушаал, гүйцэтгэж буй үүргээс нь хамаарч коронавирусийн шинжилгээнд шат дараалалтай хамрагдахыг дээрх журамд заажээ.
Хэрэв тамирчдаас халдвар илэрвэл Японы дүрэм журмын дагуу тусгаарлаах гэнэ. Баг тамирчид дөрвөн өдөрт нэг удаа шинжилгээнд хамрагдана.
Олимпыг эрсдэлгүй зохион байгуулах гарын авлага, журам гарчээ | ||
Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.