Шууд Chart

Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье...

2021-02-12 06:33:27

Билгийн тооллын XVII жарны "Цөөвөр" хэмээх Цагаагчин Үхэр жилдээ Төр түвшин, Түмэн олон амгалан байж, элгээрээ энх, төрлөөрөө түвшин сайхан байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Хангай дэлхийг уярааж, хөдөлмөр бүтээлийг ундраах хаврын сар айлчлан ирлээ. Эртнээс уламжлалтай, бэлгэ ерөөл дүүрэн Монгол баяр-Цагаан сартайгаа та бид учран золгож байна.

Харьж буй "Хотлыг баригч" хэмээх Шороон хулгана жилд Монголчууд бид үндэсний баялаг-буянт мал сүргээ таван төрлөөр өсгөж, будаа тариа, жимс ногооны арвин ургац хурааж, шинийг бүтээн босгож барьж байгуулсан өрнүүн их амжилтыг үзүүллээ.

Иймд цаашид ч элэг нэгт та бүхэн хамтын зүтгэл, хичээнгүй хөдөлмөрийн үр шим жилээс жилд арвижин баяжиж, амжилт бүтээлийг дуудсан эрч хүчээр дүүрэн бялхаж явахын өлзий дэмбэрэлтэй ерөөл өргөхийн зэрэгцээ дэлхий дахинаа цар тахал дэгдэж буй энэ цаг үед өрх бүр гэрээсээ гаралгүй, зөвхөн халуун ам бүлээрээ шинэлэхийг уриалж байна.

Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна

Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна

Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна

Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө

Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд

Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү

Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод

Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнэсүүлье

Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье...

MNB.MN САЙТЫН ХАМТ ОЛОН

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье...  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй