УИХ-ын даргын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14 дүгээр захирамжаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ажлын хэсгийг ахалж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Ц.Анандбазар, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь ажиллах юм.
Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш арван жилийн дараа анх удаа Улсын Их Хурал шийдвэр гаргаж, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан энэхүү тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгоод жил гаруй хугацаа өнгөрөөд байна.
Засгийн газарт үүрэг болгосон Монгол Улсын нийтлэг эрх ашиг, эдийн засаг, хөгжлийн асуудалтай холбоотой, өргөн цар хүрээтэй, нэн чухал энэхүү асуудлын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын Их Хурал санаачилга гарган олонх, цөөнхийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы ахалсан “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тус ажлын хэсэг өнөөдөр (2021.02.09) анхны хурлаа хийв.
2009 онд байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг дагасан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө нь Монгол Улсад хохиролтой, монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хангаагүй гэдэг дээр санал нэгдэн Улсын Их Хурал энэхүү ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хурлын эхэнд тэмдэглэлээ. Шуурхай ажиллах үүднээс ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг танилцуулаад, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын заалт бүрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг байгууллаа.
Дээрх тогтоолын нэгдүгээр заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгойн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолд нийцүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаар шийдвэрлэв. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хоёрдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Дубайн гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн нар ажиллана. Гуравдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгой төслөөс ашиг хүртэх зарчмыг шинээр тогтоох эсэх асуудлыг хариуцах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Алтанхуяг нар ажиллах юм.
Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах дөрөв дэх заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баярсайхан нар ажиллана.
Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох гаргуулах тав дахь заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Т.Энхтүвшин нар ажиллахаар боллоо.
Тогтоолын зургадугаар заалт буюу Монгол УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах заалтын хэрэгжилтэд хяналт тавих дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Ганибал нар ажиллахаар шийдвэрлэв.
Оюу толгой гэрээтэй болон тус ордын ашиглалттай холбоотой олон улсын болон дотоодын шүүхийн байгууллага, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар ажлын хэсгийг мэдээллээр хангах дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, С.Ганбаатар нар ажиллана.
Дэд ажлын хэсгүүдэд УИХ-ын Тамгын газар болон холбогдох албан тушаалтнууд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд дэд ажлын хэсгүүд тус бүрийн чиглэлээр санал, дүгнэлт гарган “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгт танилцуулах юм.
Ажлын хэсгийн хурлын дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ажлын хэсгийн гол чиг үүргийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Н.Ганибал нар оролцов.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хувь заяатай холбоотой чухал асуудлаар УИХ-ын 20 гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон Ажлын хэсэг анх удаагаа байгуулагдлаа. Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, бие даагчдын төлөөлөл орсон Ажлын хэсэг Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах гол зорилгоор ажиллана. Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш арван жил болж байхад анх удаагаа Улсын Их Хурал тодорхой шийдвэр гаргасан нь Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Тогтоолын дагуу гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хийнэ. Жил, гурван сарын дотор Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэхээр хэрхэн ажилласан бэ гэдэгт Ажлын хэсэг хяналт тавина. Өөрөөр хэлбэл баталсан тогтоолдоо Улсын Их Хурал хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулахаар ажиллана. Шаардлагатай бол Улсын Их Хурлаас тодорхой эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө” гэв. Тэрбээр мөн Ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийж, ажил үүргээ хуваарилан, дэд ажлын хэсгүүдээ байгуулсан талаар мэдээллээ.
Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлэв. Гишүүд, Оюу толгойн гэрээг харилцан үр ашигтай болгох, Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ энэ ажилд тодорхой үр дүн гаргана гэдгээ хэлсэн юм.
Төгсгөлд нь сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хариулт өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.