Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Б.Пүрэвсүрэн: Эрхэлсэн ажил, эрдмийн зэрэгтээ эзэн байж эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллахыг эрмэлздэг

2021-02-25 17:19:34
Error loading player: No playable sources found

Манай сайт .

-Сайхан шинэлсэн үү та. Та өөрийгөө болон Глоб Интернэшнл төвийн тухай манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?

-Сайхан шинэллээ. Би эрх зүйч мэргэжилтэй. Одоо Глоб Интернэшнл төвд хуульчаар ажилладаг. Манай байгууллага 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үзэл бодлын эрх, илэрхийллийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл авах эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. 20 жилийн хугацаанд 200 гаруй төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн.

-Та Глоб Интернэшнл төвд ажиллаад хэдий хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд хэчнээн сэтгүүлчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн бэ?

-Миний хувьд хоёр жил гаруй хугацаанд энэ байгууллагадаа ажиллаж байна. Энэ хугацаанд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн 60 гаруй иргэн, сэтгүүлчдэд хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Мөн 2019 онд МУИС-д “Хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдвээр хууль зүйн магистрын зэргээ хамгаалсан. Энэ дундаас онцлох кэйс гэвэл хэд хэдэн жишээг нэрлэж чадахаар байна. Тухайлбал, “Ковид-19”-ийн үед цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсний төлөө Цагдаагийн байгууллагаас торгуулсан иргэн н.Мөнхбатын хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахаар болж  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдлоо гаргаад байгаа.

Төрийн өндөр албан тушаалтан сэтгүүлчийн эсрэг Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хэд хэдэн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна. Мөн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах гэмт хэргийн дагуу  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас гаргасан гомдолтой холбогдох хэрэгт сэтгүүлчийн эрх, ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцсон. Энэхүү хэрэг нь шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн учраас дурдаж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас гадна Тагнуул, Авлигатай тэмцэх газраас сэтгүүлчийг дуудан мэдүүлэг, тайлбар авах зэрэгт өмгөөлөгчөөр оролцож ажиллаж байгаа нь  өдөр тутмын хийж гүйцэтгэх ажлын нэг болж байна даа.

-Өмгөөлөгчийн ажлаас гадна ямар ажил үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Ажлаа дотор нь ангилах юм бол эрх зүйн туслалцаа үзүүлэх, судалгаа-шинжилгээ хийх, байгууллагын өдөр тутмын эрх зүйн асуудлыг хариуцах, сургалт хэлэлцүүлэгт оролцох, холбогдох хуулиудын төсөлд санал, дүгнэлт өгөх гэж хувааж болох юм. Өмгөөллийн үйлчилгээг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр "Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө" төслийн хүрээнд хэрэгжүүлсэн. Энэ төслийн хамаарах хүрээнд эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх багтаж байсан юм. Төсөл хоёр жилийн хугацаатай 2019, 2020 онд амжилттай хэрэгжиж саяхан дууссан. Мөн хуульчийн хувьд хэд, хэдэн төслүүдэд судлаачаар оролцож ажилласан. Үүнд, “2020 оны УИХ-ын сонгуулийн мониторинг”-ийн төслийн баг болон ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Хүйн хэвлэл мэдээллийг дэмжих нь” төслийг нэрлэж болно.

Үндсэн ажлынхаа хажуугаар академик эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд илтгэл, өгүүлэл бичих сонирхолтойгоос гадна нийгэмд өрнөж буй, шүүмжлэл дагуулсан хуультай холбоотой асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлсэн нийтлэлүүдийг Ikon.mn, Gogo.mn сайтуудаар дамжуулан иргэдэд хүргэдэг байгаа.

Одоогоор "Ковид-19 ба иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг"-д хуульчдын судалгааны багийн гишүүнээр ажиллаж хуулийн дүгнэлт, санал, зөвлөмжийг гарган ажиллаж байна.

-Глоб Интернэшнл төв эрх зүйн болон хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлдэг үү?

- Нийтийн эрх ашгийг хамгаалсан асуудлаар үнэ хөлс харалгүйгээр ажиллах нь хуульч, өмгөөлөгч хүний үүрэг, хариуцлага. Иймдээ ч төрийн болон албаны нууцтай холбоотой асуудлаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан хэдий ч дунд суудлын хуралдаан зарлахгүй жил тойрч байгаа хүндрэл гарч байна.

Мэдээжийн хэрэг манай байгууллагаас үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлдэг. Ингэхдээ иргэн, сэтгүүлч гэж ялгадаггүй. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийн төрлөөс үл хамааран  хууль зүйн туслалцаа үзүүлдгийг онцлон хэлмээр байна. Манай төвд хандсан болон туслалцаа хүссэн хүн бүрд нээлттэй.

-Та яагаад Глоб Интернэшнл төвийг сонгож ажилласан бэ. Мөн өөрийн хийж буй ажлаасаа авдаг хамгийн сайхан мэдрэмж юу вэ?

-Өмнө нь төрийн болон нийтийн эрх зүйн статустай байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байгаад хуульчийн шалгалтаа өгч хуульч болсон. Тэгээд өөрийгөө илүү сорьсон, мэргэжлийн ажил хийж гүйцэтгэе гэж нэлээн бодож эхэлсэн. Хамгийн гол нөлөөлсөн зүйл бол 2018 онд Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийг сэтгүүлчээр төгсөөд байсан цаг үетэй минь ч давхацдаг. Тэр үед Глоб Интернэшнл төв хуульч, өмгөөлөгч хайж байгаа зартай таараад материалаа явуулж үзье гэж шийдсэн. Энэ дагуу л энэхүү ажилдаа орсон. Миний ирээдүйн зорилго, төлөвлөгөө болон манай байгууллагын эрхэм зорилго ч хоорондоо нэлээн төстэй санагдаад байсан юм. Мөн мэргэшсэн чиглэл, судалгаа хийх сонирхол маань ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй ээ. Ний нуугүй хэлэхэд, зөв газраа, зөв цаг үедээ, зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн ажиллаж байгаа гэж хэлмээр санагддаг. Эндээс маш их зүйлийг сурч байна.

-Танаас хууль зүйн туслалцаа аваад ялалт байгуулсан хүмүүсийн дундаас танд хэлж байсан санаанаас тань гардаггүй талархлын үг бий юу?

-Мэдээж маш их баярлалаа гэсэн талархалд нь л баярладаг. Эрх зүйч мэргэжил эзэмшээд иргэний зөрчигдсөн эрх, эрх чөлөөг шүүхэд хамгаалаад гараад ирэх л өмгөөлөгч хүний авдаг хамгийн сайхан мэдрэмж, жаргал байдаг. Өмгөөлөгч мэргэшлийн тухайд алхам тутамдаа туршлагажаад явж байна. Тэрнээс биш ялалт, амжилтаараа бахархаад байх хэмжээнд хүрсэн гэж өөрийгөө бодохгүй байгаа.

-Таны ирээдүйн болоод ойрын хугацааны зорилго төлөвлөгөө юу вэ?

-Мэргэжилдээ илүү мэргэшиж ажиллая гэсэн бодол бий. Зөвхөн өмгөөлөл гэж өөрийгөө хязгаарлалгүйгээр хуульчийн ажил мэргэжлийн хувьд олон зүйлд хүчээ сориод, туршлага хуримтлуулах сонирхол бий. Хамгийн ойрын төлөвлөгөө бол АНУ-д магистраа амжилттай дүүргээд эх орондоо эргэн ирэх байна даа.

-Танд ширээний ном бий юу. Сүүлийн үед ямар ном уншив?

-Сүүлийн үед олон төрлийн ном, зохиол уншихаас илүүтэй судалгааны зузаан материал, мэргэжлийн ном бүтээл түлхүү хардаг болсон байна лээ. Ном уншихын тухайд таарсан болгоноо уншаад байлгүй, ангилж ялгаж сурдаг чадвар суудаг юм шиг ээ. Тухайлбал, Юваль Ной Хараригийн “Сапиенс”, “Маргаашийн товч түүх” зэрэг номыг уншихад түүхийн хэдэн арван боть ном уншсанаас илүү системтэй мэдлэгийг нэг дор өгч байгаа юм. "Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал" номыг ширээний номын хэмжээнд ойр ойрхон харж ажил, амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээж байна.

-Та ямар эрхмүүдээс үлгэр жишээ авдаг вэ. Мөн тэдний ямар зан чанар, үйл хэргээс суралцдаг вэ?

-Олон сайхан хүмүүсийг хэлж болно. Хөдөлмөрч чанарын үлгэрлэл болсон хүмүүс гэвэл аав, ээжийгээ нэрлэх нь зүйтэй болов уу. Хүнд хэрэгтэй хүн байх, үнэн сэтгэлээсээ зөвлөж, тусалдаг байх тухайд Н.Орчлон менторыгоо нэрлэмээр байна. Үйл хэрэг, үзэл бодолдоо үнэнч байж хийсэн гавьяатай, хэлэх үгтэй жинхэнэ хүн байх тухайд Глоб Интернэшнл төвийн тэргүүнээр ажиллаж байсан, үүсгэн байгуулагч, одоо Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал эгчийгээ нэрлэмээр байна. Шударга, шуналгүй, үг, үйлдэл хоёр нь зөрөөд байдаггүй нийгэмд нэг ч гэсэн эерэг өөрчлөлт авчрахын төлөө ажилладаг зан чанартай хүмүүсээс үлгэрлэх нь бий.

-Та юунаас урам зориг авдаг вэ?

-Зорьсон ажлынхаа ард гарсны дараа нээх сайхан мэдрэмж төрдөг. Эрхэлж буй ажилдаа дурлах нь ажил мэргэжилдээ эзэн байхаас гадна тасралтгүй үргэлжлэх урам, зоригийн үүсгэл юм уу даа. Мэргэжлийн салбартаа бусдын татаас, дэмжлэггүйгээр амжилт үзүүлсэн хүмүүсийн тухай намтарчилсан кино, ном зохиол, урлагийн бүтээлээс урам зориг авч үнэ цэнийг нь мэдрэхийг хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе.

-Залуу мэргэжилтний хувьд тантай ярилцахад сайхан байлаа. Ажилд нь амжилт хүсье.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Пүрэвсүрэн: Эрхэлсэн ажил, эрдмийн зэрэгтээ эзэн байж эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллахыг эрмэлздэг  
Үзсэн: 3453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй